"Эрдэнэт үйлвэр" ХХК-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар Эрдэнэтээс сонгогдсон УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Л.Оюун-Эрдэнэ нар өчигдөр Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн. Ерөнхийдөө 60-70 хувийг нь ярилаа. 100 хувийн мэдээлэл өгөх ёстой. Монгол банкнаас зээл өгсөн гэж байгаа. Одоо нууцын зэрэгтэй байгаа учир би үнийн дүнг хэлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл 20 хувь нь Худалдаа хөгжлийн банк руу, 80 хувь нь өөр ААН, субьектүүд руу очсон байдаг. Үүнийг ярихын тулд Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгах ёстой. Түүнийг тухайн үед хэн томилсон юм. Хэний хүн юм? Тухайн үеийн УИХ-ын дарга, одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын санал болгосноор гарч байсан. Тиймээс Н.Золжаргалыг огцрох ёстой, буух ёстой гэж тухайн үед Н.Уянга бид нар цөөнх дотор цөөнх болж шүүмжилж ярьж байсан. Тиймээс энэ асуудал цаашид хуулийн байгууллагаар явна.

Надад нэг зовлонтой асуудал байна. Ерөнхий прокурор болон АТГ-ын даргыг солих ёстой гэдэг асуудал яригдаж байна. Сольж болно. Гэхдээ солих ёстой гэж яриад буй хүмүүс өөрсдөө асуудалтай юм билээ. ЖДҮ-ийн асуудлаар одоо 5 гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирэх гэж буй юм билээ. 

Уг нь бол энэ хүмүүсээр ажлыг нь хийлгүүлээд Эрдэнэтийн 49 хувийн булхайг илрүүлж, Монгол Улсдаа өмчөө авдгаараа авъя. Үнэхээр тэд хийж чадахгүй гэвэл хөндлөнгийн, Ерөнхийлөгч Х.Баттулга болон ЖДҮ-чдэд хамааралгүй нэг хүнийг олж тавих хэрэгтэй. 2016 оноос хойш Эрдэнэтийн 49 хувь гэж яриад л байдаг, авсан ч юм шиг, аваагүй ч юм шиг. Шийдэхгүй байгаад байна гэдэг нь маш ноцтой. Үүнийгээ хурдан шийд.

Хан-Уул дүүрэгт Эрдэнэтийн 51 хувьтай холбоотой 188 хавтаст хэрэг байна. Уг 51 хувьтай холбоотой асуудлаар би одоо Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд албан бичиг хүргүүлэх гэж байна" гэв.