АН-ын зөвлөл мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн долоо хоног АН-ын гишүүн болсон бөгөөд УИХ дахь АН-ын зөвлөлд элсэх хүсэлтээ өгсөн тул зөвлөлийг бүлэг болох хүсэлтээ УИХ-д өргөн мэдүүлнэ гэлээ.

Хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү гадаадад гацсан монголчуудын асуудлаар байр сууриа илэрхийллээ.


 УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

МАН гадаадад байгаа иргэдийн талаар арга хэмжээ авч байгаа гэж ярих боловч бодит байдал дээр хууль тэгш хүрч үйлчлэхгүй байна. Байдал ийм байгаагаас болж БНСУ-д суугаа Элчин сайдын яамны гадна өнөөдрөөс эхлэн манай улсын иргэд суулт зарлачихлаа. Орос, Энэтхэг, Туркэд ийм үйл ажиллагаа явагдах гэж байгаа талаар яригдаж байна. Уг нь хуулиараа Монгол Улсын иргэн гадаадад зорчих эсэх нь бүрэн эрхийнх нь асуудал.Тийм учраас хил дээр ирсэн Монгол Улсын иргэнийг ямар нэгэн шалтгаан нөхцөлгүйгээр нэвтрүүлэх ёстой.  Үүнийгээ ч олон нийтэд зарлахыг шаардаж байна.

Монголд зарагдаагүй байр, маш олон зочид буудал бий. 20 мянга гаруй бий ч гэдэг. Яагаад эдгээр байруудад гадаадад байгаа иргэдээ авчирч тусгаарлаж болохгүй гэж.  Урсгал зардлыг нь шийдээд тусгаарлах бүрэн боломж бий.

Чартер онгоц дээр ярилцан тохиролцож иргэдээ яаралтай татах хэрэгтэй байна.

ОХУ-д оюутнуудын байдал маш хүнд байна. ОХУ-д суугаа Элчин сайдын яамны зуслан гэж байна. Тэнд нь тусгаарлалт хийж болно шүү дээ. Элчин сайдууд ажлаа идэвхтэй хиймээр байна. БНСУ-аас ирэх 160 гаруй иргэний 60 орчим нь улс төрчийн гэр бүл байна. Тоон дотор үсэг гэдэг шиг бизнес улс төрийн хүмүүсийн гэр бүлийнхэн ирээд байна. Ингэж хэлснээрээ тэднийг алагчилж байгаа юм биш. Жирийн иргэдийг бодвол 1-2 сар амьдрах боломжтой хүмүүс байгаа учраас ингэж хэлээд байгаа юм. Гэтэл өвчин зовлонтой, байр хоолны зардалгүй болчихсон хүмүүс зөндөө байна шүү дээ. Бүхий л улс орнууд иргэдээ татан авч байна.

Бид гадаадад байгаа иргэдээ авч чадахгүй бол дэлхийд шившигээ тарих нь. Иргэд маань тэмцэл өрнүүлэхэд бэлэн байна.