УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийж, намаасаа гарч буйгаа мэдэгдлээ. Тэрээр МАХН-аас УИХ-д сонгосгдсон цор ганц гишүүн юм.

Тэрээр "Миний бие МАХН-аас гарах өргөдлөө Н.Энхбаяр даргад албан ёсоор хүргүүлсэн. Яагаад намаас гарах болсон бэ гэхээр дөрөвдүгээр сарын 24-н гэхэд УИХын сонгуульд бие дааж нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө өгөх хугацаа дуусна. Мөн ипотекийн зээл, хүчингийн хэрэг зэрэгтэй холбоотой миний дэвшүүлсэн саналуудыг хэд хэдэн нам дэвжиж, зөв зүйтэй гэж үзэн надад санал тавьсан. Тиймээс би ирэх лхагва гарагт өөр намд орох шийдвэрээ гаргана. 

Өөрөө намаас яагаад гарсан бэ гэхээр 2017 онд МАХН намайг намаас хөөсөн тухай мэдэгдэл хийсэн. Тус мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байх хоёр шалтгаан надад байсан. 

Нэгдүгээрт, манай намын дүрэмд хэн нэгнийг хөөх тухай байхгүй. Хоёрдугаарт, МАХН-д 114 мянган хүн санал өгсөн учраас МАХН-ыг УИХ-д суудалтай байлгах нь миний үүрэг. Тэр дундаа Орхон аймгийн 47 дугаар тойргийн 4422 иргэн МАХН-ыг УИХ-д суудатай байх ёстой гэж санал өгсөн. Үүнийг намын нэг удирдлага ч юмуу хэсэг хүмүүсийн мэдэгдлээр үгүйсгэх боломжгүй. Тиймээс би хувь хүнийхээ хувьд албан ёсоор гараагүй. 

Өнөөдөр нэгэнт намуудын мөрийн хөтөлбөр засагдаж, сонгуульд оролцох нь тодорхой болсон учраас эдгээр сонгогчид надад гомдохгүй байх. Надад энэ шийдвэрийг гаргахад маш хэцүү байсан. Харамсалтай нь сонгуульд зайлшгүй орох шаардлага байгаа юм. Яагаад вэ гэхээр Орхон аймаг, Эрдэнэт хотод миний бие амласан зүйлүүд бий. Тэдгээрийгээ тайлагнаж, тайлбарлах ёстой" хэмээлээ.