Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Тавдугаар сарын 18, 19-нд Дэлхийн эрүүл мэндийн 73 дугаар чуулган амжилттай бол өндөрлөлөө. Тус чуулганд 130 орны Засгийн газрын тэргүүнүүд оролцож, 4 чухал тогтоолыг баталсан. 

1. Коронавирусийн цар тахалтай тэмцэхэд зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн технологийн хангамж, хүртээмжийг тэгш хуваарилах

2. Оюуны өмчийн эрхтэй холбоотой заалтуудыг багтаасан олон улсын холбогдох гэрээг дагаж мөрдөх

3. Цар тахлын тархалтыг зогсоохын тулд коронавирусийн эсрэг вакциныг дэлхийн эрүүл мэндэд тусгай ангилалд оруулах

4. Хувийн хэвшил, Засгийн газар санхүүжилтээр судалгаа, бүтээн байгуулалтыг дэмжихэд хамтран ажиллах ёстой гэдэгт бүх улс орны төлөөлөгчид санал нэгдэж, тогтоолыг баталсан.

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар ОХУ-д 3 хувиар, Бразилд 5 хувиар, АНУ болон Их Британид 1 хувиар нэмэгдсэн байна. 

Ийлдэс судлалын судалгаанаас харахад тархалт өндөр байгаа бүс нутагт хүн амын дундах эсрэг биеийн хувь 20 хувиас хэтрэхгүй, ихэнх газарт 20 хувиас бага байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн хүн амын ихэнх хувь нь коронавируст өртөх өндөр эрсдэлтэй байна. 

Хүүхдүүдэд кавасаки өвчин буюу хордлого шокын хам шинжтэй төстэй олон эрхтэн тогтолцооны хүндрэл бүртгэгдэж байна. Италид 1-4 дүгээр сарын хугацаанд энэ хам шинжийн тохиолдол 30 дахин нэмэгдсэн. АНУ-ын 14 мужид 200 гаруй тохиолдол, 3 нас баралт, Франц, Их Британид 230 гаруй тохиолдол, хоёр нас баралт бүртгэгдсэн.

ДЭМБ-аас энэ хам шинжийн тохиолдлын тодорхойлолт, бүртгэлийн маягтыг гаргасан. ЭХЭМҮТ болон үйл явдалд суурилсан тандалтаар энэ хам шинжийг манай улсад бүртгэж эхэлсэн" хэмээлээ.