МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтай ярилцлаа.

-Танхимаас өнгөрсөн долоо хоногт 2021 оны төсвийн төсөлд санал хүргүүлсэн. Төсөв хэлэлцээд эхэлсэн ч асуудалтай зүйл байна гэдгийг Үндэсний аудитын газар дүгнэсэн. Танхимын зүгээс ямар санал байна вэ?

-Бид төсвийн тодотгол дээр Монголын гол эдийн засгийн судлаачид, Эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн гишүүдтэй хамтран томоохон арга хэмжээ зохион байгуулсан. Төсвийн төсөл жил бүр л цаг хугацаанд шахагдаж орж ирдэг. Бүх баримт, материалтай танилцах хангалттай цаг байдаггүй. Танхимын зүгээс Ерөнхийлөгч болоод УИХ-ын дарга, гишүүдэд төсөвтэй холбоотой саналаа хүргүүлсэн. Улсын төсөв гэдэг тухайн улс орны макро эдийн засгийн үзүүлэлтийг хэрхэн удирдах, улс эх орны хөгжлийг хэрхэн зөв чиглүүлэх вэ гэдгийг харах гол талбар. Гэтэл энэ удаагийн төсөв хуучин тоонуудыг хуулаад тавьчихсан мэтээр орж ирж байна. Дахиад л орлогынхоо төсөөллийг өндөр тавьчихаж. Өндөр орлогодоо нийцүүлээд 5.1 хувьд бариад зарлагаа дагаад өсгөчихсөн байна.Гэвч энэ төсөөлөл хаанаа ч хүрэхгүй гэдгийг бид бүгд мэднэ. Гэтэл энэ жил чинь сонгуулийн жил байсан шүү дээ. 

Тиймээс Танхим болон хувийн хэвшлүүдээс төсөв хэлэлцүүлэх процесс, төсөв бүрдүүлэх процесс гээд бүх зүйлийг ил тод болгоод, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг зөв ажиллуулахыг, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөллүүдийг оруулахыг шаардаж байна.


-Төсвийн алдагдал нэмэгдэн орлого тасалдах нь бараг тодорхой боллоо. Эцэстээ ААН-үүд л хамаг ачааг үүрдэг шүү дээ?

-Төсөв бүрдүүлэх процесс аж ахуй нэгж, иргэдийн нуруун дээр байдаг. Энэ хүмүүс татвараа төлөхгүй бол шийтгэл, торгууль хариуцлага хүлээдэг. Гэтэл татварыг нэгтгэж аваад зарцуулж байгаа Сангийн яам, УИХ-ын гишүүд, салбарын сайдууд үнэхээр үрэлгэн байна. Ямар ч хөгжлийн бодлого, нэгдсэн уялдаа холбоо алга. УИХ-ын 76 гишүүн сонгогчдодоо таалагдах гэж төсөв гэдэг зүйлийн утгыг алдагдуулж байна. 

Төсвийг хэтэрхий өөдрөгөөр төсөөлсөн. Төсөв үндсэндээ 2.1 их наяд төгрөгийн алдагдалтайгаар батлагдчихаж байгаа юм. Дахиад л өр болно, орлого дутна. Тодотгол хийнэ, өр болно. Ингээд л яваад байх юм уу. Төсвийг бүхэлд нь харвал эдийн засгийг дэмжихэд чиглэсэн, ажлын байр нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын өгөөжийг сайжруулах, том зургаараа улс орны бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зүйл огт байсангүй. Харин халамжийн бодлого л үргэлжлэх юм байна. 

Учир нь 2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Бидэнд байгаа нөхцөл байдалдаа тааруулаад оновчтой менежмент хийх боломж байгаа юу гэвэл байна шүү дээ. 


-Дэлхий дахинд цар тахал нүүрлэж буй энэ үед аж ахуй нэгжүүдийн татварыг шууд 2 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж байгаа юу?

-Тийм боломжгүй. Манай статистик, бодит амьдрал хоёр зөрсөөр ирсэн. Эрх баригчдад тааруулж статистикийн дүн мэдээ гардаг. Бид бизнес эрхлэгчдийн дунд нөхцөл байдлын судалгааг гэж хийдэг.

Есдүгээр сараас коронагийн хязгаарлалт суларснаар эдийн засаг харьцангуй сэргэсэн ч яг  энэ цаг мөчид ковидын хоёрдахь давалгаа нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Монголын маш олон салбар эдийн засгийн эрсдэл дунд байна. Энэ компаниудын үйл ажиллагаа эргэн сэргэж, татвар төлөлт 10 гаруй хувиар нэмэгдэнэ гэдэг ямар ч боломжгүй зүйл. 


-Эдийн засгийн гол салбаруудын дүр зураг ямаршуу байна вэ?

-Хөнгөн үйлдвэр болон аялал жуулчлалын салбар, түүнийг дагасан оролцогчдын үйл ажиллагаа сул хэвээрээ байгаа. Өвлийн улирал ч эхэлж байна. Хамгийн эрсдэл багатай нь хөдөө аж ахуйн салбар байсан. Гэвч улаан буудайгаа бид тооцоолсноор авч чадахгүй ургац алдахаар болчихлоо. 

Мал аж ахуйн салбарт байгалийн гамшиг багагүй аймгийг хамарсны улмаас зудын цикл тохиож байгаа зэргээс харахад  манай улсын эдийн засгийн гол салбарууд уналтад орохоор байна.


-Цар тахлын улмаас хумигдаж буй ажлыг байрыг хамгаалах чиглэлд бодлого үр дүнгээ өгч чадсан уу?

-Манай Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн хэдий ч гол зорилтот бүлэгтээ төдийлөн анхаарч чадсангүй.

Үүнийг сэргээх, дэмжих бодлого хийгдээгүй. Ажлын байрыг хамгаалах чиглэсэн ажил бол үндсэндээ хувийн хэвшлийг дэмжих шүү дээ. Монгол Улс Ковидын үед ДНБ-нд эзлэх хэмжээний 9.8 хувьтай тэнцэх хэмжээний зардлыг гаргачихсан. Энэ нь ажлын байрыг дэмжихэд чиглэсэн үү гэвэл үгүй. Харин ч аж ахуй нэгжүүдийн зээл авах боломж хумигдсан. Энэ мэтчилэн хувийн хэвшилд дэм болсон зүйл тун ховор хэрнээ  илүү их татвар авна гэдэг боломжгүй зүйл. 

Үүнд Сангийн яам туйлын хариуцлагагүй хандаж байна гэж хэлэхээр байна. Тэгэхээр төсөв боловсруулагчид судлаач нарынхаа үгийг сонсдог байгаасай. Хөрөнгө оруулалтын эрэмбэ гэдэг зүйлийг ойлгодог болоосой. Төсвийг гол бүрдүүлэгч аж ахуй нэгжийнхээ үйл ажиллагааг тэлэхэд дэмжлэг үзүүлдэг, анхаардаг байгаасай.

Аж ахуй нэгжийг дэмжихэд төрөөс өгч байгаа гол дэмжлэг бол ЖДҮ-г дэмжих зээл. 2021 оны төсвийн төсөл дээр ЖДҮ-ийн зээлийн санд эх үүсвэр шинээр тавиагүй. Өмнөх зээлийн төлөлтүүд удааширсан, зарим нь хойшлуулсан.


-Тухайлбал ЖДҮ-ийн сангаас зээл олгох тоо хэмжээ маш бага тогтсон нь бизнес эрхлэгчдийн хувьд таагүй мэдээ байлаа. Энэ мэт бодлогуудын үр  дүн нь юу байх вэ?

-Бид улсын төсвийн хөрөнгө оруулалтын тухай байнга хөндөж ярьдаг. Учир нь үүний цаана маш их ашиг сонирхлын зөрчилтэй, хууль зөрчсөн асуудлууд бий. Тухайн жилд тавигдсан хөрөнгө оруулалт дараа жил нь нэмэгддэг. Ингэхдээ эдийн засгийн инфляцитай уялдахгүйгээр шууд 50 хувь өсдөг жишээтэй. Энэ болгоны цаана нөгөө яриад байгаа ашиг сонирхлын зөрчил байгаа. 

ЖДҮ-ийг дэмжих зээлийн сангийн зээлүүд бүгд эргэн төлөгдөх нөхцөлтэй. Аж ахуй нэгжийн үйл ажиллагаа хэвийн болохоор эргэн төлж барагдуулах процесс. ЖДҮ-тэй холбоотой улстөрчдийн зээлийн асуудлаас болоод бодит ЖДҮ эрхлэгчдийн үйл ажиллагааг хумих оролдлого хийж байгаа нь өөрөө асар буруу зүйл. 

ЖДҮ-ийн зээлийн дунджаар 40-50 сая. Энэ санг нэмэгдүүлэхгүйгээр ажлын байрыг тогтвортой авч явна гэдэг боломжгүй зүйл. Ялангуяа хөдөө орон нутагт. Сонгуулийн жилд хөрөнгө оруулалт, зарцуулалт нэмэгддэг ч гарч ирсэн хүмүүс нь дараагийн халамжийн тухай ярьж эхэлдэг. Хэн нэгэн халамжийн талаар дуугарах тоолонд Монгол Улсын эдийн засаг туйлддаг. Гэтэл яг үнэндээ манайд халамжийн бодлого хэрээс хэтэрч хөдөө орон нутагт ажил хийх хүн байхгүй болчихоод байна шүү дээ. 


-Хавтгайрсан халамж төсвийн үр ашиггүй байдалд нөлөөлнө гэдгийг дүгнэлтээр баталсан. Үүн дээр ААН-үүд ямар байр суурьтай байх ёстой вэ?

-Төсвийн тухай хуулинд ирэх онд хийгдэх хөрөнгө оруулалтыг ТЭЗҮ, зураг төсөл бэлэн зэрэг шалгуур үзүүлэлтийг хуульчилсан байгаа ч мөрдөхгүйгээр маш олон төслийг оруулж ирдэг. Үүнийг нь мэдсээр байж баталдаг нь хууль тогтоох байгууллага нь өөрөө хуулиа мөрдөхгүй байгааг харуулж байна.

Нэр дэвшигчдийн мөрөөдлийн жагсаалтад дээр үндэслэн төсөв гэдэг зүйл батлагдаж байна шүү дээ. Эсвэл хэн илүү эрх мэдэлтэй байна, түүний тойрогт ажил илүү явагддаг байх жишээний. Хувийн хэвшлийнхэн нэг зүйлд зоригтой дуугармаар байна. 

Нэгэнт бид төсвийг бүрдүүлж байгаа юм бол, ажлын байрыг бий болгож байгаа юм бол буцаад төсөвт заавал хяналт тавьдаг болмоор байна. Уг нь манайд эдийн засаг, хөгжлийн яам гэж зайлшгүй байх ёстой. Аль нь илүү ач холбогдолтой вэ гэдгийг эрэмбэлээд алинаас эхэлвэл илүү үр дүнтэй вэ гэдгийг гаргаж ирдэг. Түүнээс хэн нэгний мөрөөдлийн жагсаалтыг санхүүжүүлээд байвал дуусахгүй шүү дээ. 


-Үүн дээр жишээ татвал...?

-Би нэг зүйл хэлье. Хөдөө орон нутагт төр өөрөө нэг аялал жуулчлалын зориулалтаар объект барилаа гэж бодоход түүнийг нь хэн хариуцаж, хэн жуулчин авах юм. Харин үүнийхээ оронд аялал жуулчлалынхандаа хөнгөлөлттэй зээл олгочихсон бол тэд хүн татах ажлаа өөрсдөө хийчихнэ. Дараа нь мөнгөө төр буцаагаад авчихна. Хэнд ч хэрэггүй зүйл барина гэдэг төрдөө ч хувийн хэвшилдээ ч үр ашиггүй зүйл. Гэтэл үүнийгээ ажил хийж байна гэж харагдуулах гээд байдаг. 

Үндсэндээ 76 хүн өөр, өөр юм ярьчихаар улс орон ямар ч нэгдсэн удирдлага, хөгжилгүй болчихоод байна. Сангийн яам эдийн засаг, хөгжлийг чиглүүлж чаддаггүй. Чадахгүй ч явсаар ирсэн, чадах ч боломжгүй.

-Эдийн засагчид үр ашиггүй хөрөнгө оруулалтыг хумиад эдийн засгийн үр өгөөжтэй, ажлын байрыг нэмэгдүүлэхэд зарцуулагдах ёстой гэдгийг сануулсаар байгаа. Энэ тал дээрх таны байр суурь?

-Эргээд харахад 30 жилийн турш монголчуудын бүтээмж өссөн үү, аж ахуй нэгжийн орлого нэмэгдсэн үү гэвэл үгүй. Бидний орлого бага байгаа учраас маргааш өгөөжөө өгөх зүйлд бид илүү анхаарал хандуулах ёстой. Төсвийн оновчлолыг харахаар үр ашиггүй зүйл дийлэнх нь байна. Хөдөө, орон нутагт хүн амын төвлөрөл бага болчихлоо. Тэнд баригдаж байгаа байгууламжын хүртээмж, анги дүүргэлт маш бага. Зарим сумын нэг ангид 5-6-хан хүүхэд сурч байна шүү дээ. Төсвийн хөрөнгө оруулалт 3.1 их наяд гэж байна. Үүний 3/1-ыг ажлын байрыг нэмэгдүүлэхэд зарцуулчих юм бол тэнд маш олон боломжийг бий болгож чадна. Тиймээс Танхимын зүгээс эдийн засгийг эрчимжүүлэх төсөл нэгжийг байгуулах нь зүйтэй гэдэг саналыг хүргүүлсэн. 

Бид өнөөдөр 10 гаруй тэрбум ам.долларын эдийн засгаа 30 болгочиход хүссэн хүсээгүй боловсруулах үйлдвэр, эрчим хүчний томоохон төслүүдийг зоригтой эхлүүлэх шаардлага гарна.


-Халамжид зарж байгаа мөнгийг хөрөнгө оруулалтад оруулах юм бол маш хурдан энэ салбарыг дэмжих боломжтой юу?

-Хөгжил юунаас эхлэх юм бэ. Хөгжил бүтээмжээс эхэлдэг. Ийм том зургаар асуудлыг харж бүс нутаг дамнасан томоохон төслүүдийг дэмжиж, боловсруулах аж үйлдвэрүүдийг байгуулж, цаашлаад төр өөрөө бүгдийг хийх биш хувийн хэвшилдээ итгэж чадвал хандлага өөрчлөгдөнө. Ингэж байж нийгэм, эдийн засаг, улс орон урагшилна.


-Санал дүгнэлт хүргүүлж байгаа ч авч хэлэлцдэггүй юм шиг санагддаг. Та бүхний хүргүүлж байгаа санал хэр үр дүнд хүрэх бол гэж найдаж байна вэ?

-Өгсөөр, ярьсаар ирсэн. Тусгах гэдэг зүйл бидний мэдэх асуудал биш болчихож. Танхим зохион байгуулсан арга хэмжээний үеэр төсвийн үр ашгийг араас нь мөшгөдөг болох асуудлыг ярилцсан. Тэгэхээр цаашид нэг тал нь өгдөг, нөгөө тал нь гарын салаагаар урсгаад байдаг зүйл байж болохгүй гэдэг асуудлыг бид хөндөх ёстой. 

Шулуухан хэлэхэд бид хууль эрхзүйн хувьдзөв гарцтай тэмцэх ёстой гэж харж байгаа.

-Ярилцсанд баярлалаа