ЗГХЭГ-ын дарга Л.Оюу-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь, Дорноговь аймгуудад томилолтоор ажилласан.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд тээвэр эрхэлдэг нүүрс тээврийн жолооч нарын эрүүл аюулгүй байдлыг хангах амьдралын чанарыг сайжруулах, ажиллах амрах орчин нөхцлийг бүрдүүлэх чиглэлд Засгийн газраас онцгой анхаарч шат дараалсан шийдвэрийг гарган ажиллаж байна. 

Эдгээрийн нэг нь “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх тухай” Засгийн газрын албан даалгавар бөгөөд дэд ажлын хэсгүүдийг байгуулж гүйцэтгэлд хяналт тавьж байна. Жолооч нарыг эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамруулж, тээврийн замд амрах ариун цэврийн үйлчилгээ үзүүлэх,  эрүүл мэндийн үзлэгт орох боломжоор хангах, шаардлага хангасан хоол хүнсээр үйлчлэх  нөхцлийг бий болгох ажлыг эхлүүлээд байна.

Одоогоор:

  1. Цогтцэций сумын нутагт Тавантолгой нүүрсний бүлэг ордоос 10 орчим км-т “Тээвэрчдийн хотхон”, 
  2. Гашуунсухайт боомтоос наана 20 гаруй км-т 2500 автомашины зогсоол бүхий “Тайван зогсоол”-ыг тус тус байгуулж байна. 

Тус цогцолборуудад зочид буудал, үсчин, гоо сайхан, халуун усны газар, кино театр, эмнэлэг, төрийн үйлчилгээний нэг цэгийн үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Барилга угсралтын ажил 30-65 хувьтай тус тус үргэлжилж байна. Санхүүжилт, бараа материалын хангалт жигд байгаа бөгөөд есдүгээр сарын сүүлээр ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. 

Жолооч нарт бүх төрлийн нийгмийн үйлчилгээг үзүүлэх тус хоёр цогцолбор ашиглалтад орсноор нүүрс тээврийн замд ажиллаж байгаа 14.000 жолоочийн ая тухтай байдлыг тодорхой хэмжээгээр хангадаг болох юм.

Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн 239 км автозамд "Гашуунсухайт авто зам" ХХК-иас  засвар үйлчилгээ хийж байгаа бөгөөд засварын ажил 76 хувьтай үргэлжилж байна. 

Зам дагуу 10-15 км тутамд зөөврийн бие засах газар, хогийн цэг байгуулж, зам дагуу нэг удаад 5-10 автомашин зогсох  20 түр зогсоол барихаар төлөвлөж есөн зогсоолыг ашиглалтад оруулсан бол есдүгээр сарын нэгэн гэхэд түр зогсоолыг барьж дуусгана гэв.


Нүүрс тээврийн жолооч нартай уулзав

Гашуунсухайт боомтоос наана 22 км-т байрлах Цагаан хад дахь нүүрс ачин тээвэрлэх хэсэгт Энержи ресурс компанийн нүүрс тээврийн талбайд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон сайд нар контейнер тээвэрлэлт хийж буй байдалтай танилцаж, нүүрс тээврийн жолооч нарын төлөөлөлтэй уулзав.

Жолооч нар боомт дахь нэвтрэлтийг хурдасгах, АТҮТ-өөс аж ахуйн нэгжүүдэд олгож буй С зөвшөөрлийн шаардлагыг хөнгөвчлөх, нүүрс тээврийн компаниудад тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангахыг хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт чангатгаж өгөхийг хүсэж байв. 

Мөн автотээврийн хяналтын байцаагч нарын тавьж буй шаардлага торгууль хэт өссөн талаар гомдол хэлж байв. Харин тавдугаар сараас хойш тээврийн зам дахь осол, ахуйн гэмтэл  буурсан нь Тээврийн цагдаагийн алба хаагчид байнгын эргүүл хийж, явуулын эмч ажиллаж, дуудлагын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаатай холбоотой аж.

Засгийн газрын албан даалгаврын хүрээнд 30 гаруй хүний орон тоотойгоор Тээврийн цагдаагийн нэгжийг Гашуунсухайт боомтод байгуулан ажиллаж байна. Мөн АТҮТ-өөс хяналт тавьж ажиллах байцаагчдынхаа тоог нэмэгдүүлснээр жолооч нарын бичиг баримтын зөрчил буурч, хуурамч үнэмлэхтэй, мэргэжлийн ур чадвар сул, туршлага багатай жолооч нар хууль бус тээвэрлэлт хийх явдлыг таслан зогсоож байгаа гэв.



Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс