Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ.

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны 2 дугаар сарын 01-нээс Монгол Улс БНХАУ хоорондын хилийн боомтыг хаасан. Улмаар 2 дугаар сарын 26-ны өдрийн Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэрээр уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг онцгой нөхцөлд тээвэрлэх тухай үүргийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байдаг. 

2020 оны эхний хагас жилийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, тэр дотроо нүүрс, газрын тосны бүтээгдэхүүний экспорт их хэмжэээгээр тасалдаж байна.  Энэ нөхцөл байдлийг газар дээр нь очиж үзэхээр УИХ-ын даргаар ахлуулсан, ЗТХ-ийн сайд болон УУХҮ-ийн сайд нараас бүрдсэн ажлын хэсэг энэ сарын 23, 24-нд Дорноговь, Өмнөговь аймгуудад ажилласан. Хийгдэж буй бүтээн байгуулалттай танилцахын зэрэгцээ Гашуунсухайт боомтод ажилласан. БНХАУ-ын Элчин сайд мөн хамт явсан. 

Улмаар Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Элчин сайдын яам хоорондын яриа хэлэлцээгээр "Ногоон гарц" журмыг 8 дугаар сарын 01-нээс хэрэгжүүлж эхлэхээр боллоо. Тус журмаар нүүрс тээвэрлэгч жолооч нарыг хилээр хэрхэн оруулах, гаргах асуудлыг зохицуулсан" хэмээлээ.

Цар тахлын хориг, хязгаарлалтын онцгой нөхцөлд эдийн засгийн хамтын ажиллагааг зохистой хэлбэрээр үргэлжлүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөн, бараа, түүхий эдийн тээвэрлэлтэд тулгарч буй асуудлуудаар Монгол Улс, БНХАУ-тай зөвшилцөж, цар тахлын үед хэрэгжүүлэх “Ногоон гарц”-ын түр журмыг хэлэлцэн тохирcон байдаг ч уг түр журам одоог хүртэл хэрэгжиж эхлээгүй байна. Улмаар ирэх сарын 01-нээс хэрэгжиж эхлэхээр болжээ.

Коронавирусийн хорио цээрээс өмнө өдөрт нүүрс тээврийн 1000-1300 машин хилээр нэвтэрдэг байсан бол одоо өдөрт 500, түүнээс цөөн машин хил нэвтэрч буй аж.