Наадмын өдрүүдээр сураггүй болсон дуудлага цөөнгүй ирсэн талаар ОБЕГ мэдээллээ.


Баян-Өлгий аймгийн Толбо сумын “Толбо нуур” гэдэг газар иргэн 22 настай иргэн ууланд авирахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газарт 07.12-ны өдрийн 00:46 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж өчигдөр 01:17 цагт “Сунхар” амралтын газраас баруун хойш 1 км газраас эсэн мэнд олжээ.

Булган аймгийн Тэшиг сумаас Орхон аймгийн чиглэлд гэр бүлийн хамт /4 хүн, 2 хуүхэд/ зорчиж яваад “Айрхан нуур”-нд 41 настай иргэн усанд ороод гарч ирээгүй учир дуудлага өгчээ. Усанд орсон иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нууранд орсон аж. Ингээд дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид эрэн хайх, аврах ажиллагааг явуулсан байна. Эрлийн эцэст иргэн Б-ийг Хонгор багийн “Айрхан нуур” гэдэг газар малчин Ч-ийнхээс эсэн мэнд олж сум дундын цагдаагийн тасгийн дарга цагдаагийн ахмад Д.Бямбадоржид хүлээлгэн өгсөн.

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт баг Буйр нуурын эрэг “Дэлгэр” гэдэг амралтын газар 26 настай хүн, 2 настай хүүхэдтэй хамт завьтайгаар салхинд уруудан нуурын эргээс зүүн тийш хөвж нуурын гүн рүү явсан байна. 

Энэ тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 16:53 цагт хүлээн авсан. Дуудлагаар  тус сумын Хилийн 306 дугаар ангийн 1 дүгээр застав, аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид ажиллаж иргэдийг нуурнаас эсэн мэнд гаргасан байна.