Иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан ч хоёр ч түүхэн музейгээ нураачихсан хотын мээр С.Амарсайхан  нийслэлчүүддээ өчигдөр бас нэгэн гэнэтийн бэлэг барив.  Энэ удаа тэрбээр хотынхоо төвд үлдсэн цорын ганц ногоон байгууламж руугаа дайрах ажлаа эхлүүлжээ. Хотын зүрхэн тус газар хэмээгддэг Сүхбаатарын талбайн урд хэсгийн ногоон байгууламж буюу Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг өөрчлөн хөгжимтэй усан оргилуур барих юм байх. 

Уг нь “үлгэр” өөрөөр эхэлсэн юм л даа. Үе үеийн эрх мэдэлтнүүдийн овоо хараанд байж, ил далдаар бусдын гар дамжин ирсэн энэ газрыг  хотын захирагч С.Амарсайхан шийдвэр гаргаж улсад буцаан авч чадсан юм.  Тухайн үед зөвхөн авто зогсоолын хэсэг дээр усан оргилуур барих талаар яригдаж байсан билээ. Гэвч тэр чигээр нь өөрчлөхөөр шийдэв бололтой. Өчигдөр Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг хаших ажил эхэлж шөнө дөл хүртэл үргэлжилсэн сурагтай. Бухимдсан иргэд хотоо хотын даргаас хамгаалах л том ажил бидэнд үлдлээ хэмээн нийгмийн сүлжээнд бичиж байна. 

Хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй зам дээр энэ ногоон байгууламж тэрүүхэн хэсэгтээ дуу чимээг тарж, өөрийн үүргээ гүйцэтгэсээр ирсэн юм. Анзаарсан бол талбайн эргэн тойрны уулзварын явган хүний гарцаар гараад хонхтой цэцэрлэгт хүрээлэнд ороход чих хэсэг амсхийдэг шүү. Мод машины  дуу чимээг дарж байгаа нь тэр. 

Дайны хажуугаар дажин гэдэг шиг иргэд гэр гэртээ бүгэж буй, анхаарал өөр зүйл дээр байгаа энэ үеийг ашигласан нь сэжиг төрүүлнэ. Угтаа коронавирусийн улмаас татварын мөнгөний эргэлт эрс багасаж, засаг нь иргэд ААН-ээ хэрхэн дэмжих талаар шийдвэр гаргаж, хурган дарга нар хүртэл элдэв зардлаа танаад байгаа цаг. Үндсэндээ байгаагаа өөрчлөхөд бус байгаа нөхцөлдөө төсвөө зөв зарцуулахаас өөр сонголтүй болчихлоо. Яг энэ эгзэгтэй үед бүтээн байгуулалт нэрээр төсвийн 3.2 тэрбум төгрөгийг зарцуулах нь хэр зохимжтой вэ? Зохимжтой байлаа ч гэсэн цагийн үеийн тулгамдсан асуудал мөн үү гээд олон асуулт ар араасаа хөвөрнө.

 

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөлд иргэдийн саналыг цахимаар авна гэсэн нь энэ ажил дээр лав худлаа болов. Хотод үүнээс ч илүү шаардлагатай, ач холбогдолтой ажлууд зөндөө бий. Наад захын гэр хорооллын асуудал, явган хүний зам, цэцэрлэгжилт, гэрэлтүүлэг гэх мэт. Саяхан гэхэд 9 дүүргийн 277 мянган иргэнээс санал асуухад нэн чухал ажлаар гэрэлтүүлэг, камержуулалт, ногоон байгууламж, дахин төлөвлөлтөд анхаарал хандуулахыг хүсжээ. Хотын даргын олж харсан  хэдхэн сар ажиллах усан оргилууртай ногоон байгууламжаас хамаагүй том зургийг иргэд олж харсан хэрэг.

Юутай ч зүгээр байсан ногоон байгууламжийг устгаж, оронд нь хэдхэн сар ажиллах усан оргилуур, ногоон байгууламжийн хэсэгхэн газар, хэдэн цементэн замтай л үлдэх нь дээ нийслэлчүүд минь. Үнэхээр л ногоон байгууламж хиймээр байгаа бол үмхий үнэртсэн гандангийн дэнжийг тохижуулж, ногооруулахсан, урт цагааны гудамжийг цэцэрлэг болгохсон, гэр хорооллын дэд бүтцэд хөрөнгө оруулахсан, ядахдаа л яагаад гэр хороололтой бүсүүдэд ногоон байгууламж барьдаг бол ч..., “Их хотын иргэн” хэмээх статустай ч гэр хорооллын хүүхдүүд хөрсний бохирдол нь дээд зэрэгтээ тулсан гэр хорооллын шороон дунд л тоглож өсөж байгаа нь нууц биш шүү дээ. 

Үлгэрийн юм шиг гоё зураг харуулчихаад үнэн бодит байдал дээр ямар ажил үлддэгийг алдарт Арслантай гүүрний усан хөшигнөөс, Тэнгис кино театрын усан оргилуур хэмээх төслөөс харж болно. МҮЭСТО-ны дэргэд мөн л усан оргилуур барина гээд хашаалсан ч өнөөдөр Gem mall хэмээх барилгыг сүндэрлүүлчихлээ.  Хийх гээд байгааг нь үгүйсгэх гээд байгаадаа биш өмнө нь хотын удирдлагуудын хийж ирсэн ажлын хэдхэн жишээ энэ. 

Олныг эс нуршаад ганцхан жишээг татмаар санагдчихлаа. Сөүл хотын замын хөдөлгөөний артерийн судас гэгдэж байсан давхар замыг дуу чимээний эх үүсвэр болж байна гэж тухайн үеийн хотын мээр байсан Ли Мён Бак нурааж байжээ. Оронд ширгэсэн голыг сэргээж, цэцэрлэгт хүрээлэн болгосон юм. Энэ ажил нь иргэдийн дэмжлэгийг аваад зогсохгүй уг ажлыг эхлүүлсэн Сөүлийн мээр ерөнхийлөгч болтлоо дэвшсэн түүх бий. Ногоон байгууламжийг нураадаггүй, шинээр бий болгодог байх нь.