УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал "Энэ хуулийг холбогдуулаад би яамдын асуудал дээр санал хэлмээр байна. Хууль гарлаа гээд тендерийн асуудал яаман дээр очихоороо маш хүндрэлтэй болдог. Яамд тендерийн ажлаас хэзээ холдох юм бэ. Бодлого боловсруулах хүн байхгүй. Тендерээ 45 хоног зарладаг, 35 хоногийн зөвлөх үйлчилгээтэй. Тэгээд л тендерээс тендерийн хооронд ажилладаг. 

Би нэг зүйлийг гайхаад байгаа юм. Шинэ сайд томилогдоод 2 даргыг сольдог. Нэг нь санхүүгийн дарга. Ийм зүйл гэж хаана байдаг юм бэ. Яагаад гэхээр мөнгөн дээр өөрийнхөө хүнийг тавьж байна гэж тайлбарладаг. Энэ чинь төрийн алба. Уг нь бодлого боловсруулах газрын даргаар өөрийнхөө хүнийг тавиад бодлогоо аваад явмаар байтал санхүүгийнхаа даргыг сольдог. Энэ байдлыг хэзээ зогсоох вэ. Ийм байж яаж тендерээс хол байна гэж яамд өөрсдийгөө нэрлээд буй юм бэ. Тэгэхээр хуулиар энэ яамд зөвхөн бодлогоо бариад, тендерээс яаж хол байлгах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн гэдэг хүн хууль тогтоох, санаачлах, батлах үйл ажиллагаанд оролцох ёстой гэж би анх ойлгодог байсан. Одоо бол төсөв дээр тавиулсан мөнгөө яаж хэрэгжүүлэх вэ гэж яамны мэргэжилтнүүдийг гуйдаг ажил юм байна гэдгийг 3 жилийн даргаа ойлгож байна. Ер нь бол нүүрний буянтай, авхаалжтай, цог зальтай хүн л УИХ-ын гишүүний ажлыг хийдэг юм байна. Дээгүүр, доогуур гүйгээд миний ажлыг бүтээгээд өгөөч гэдэг хүн л хийдэг юм байна. Өнгөрсөн 12 дугаар сард зовж байж манай сургуулийн тендер зарлагдсан. Одоо тэгээд байхгүй" хэмээлээ.