УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр Төрийн албаны шинэтгэлийн үйл явцтай танилцах үйл ажиллагааг зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо хамтран оролцов. 

Энэ үеэр Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал "Төрийн албаны зөвлөл өнгөрсөн хугацаанд тодорхой ажлуудыг хийж, үр дүнд хүрсэнд баяртай байна. Тухайлбал, төрийн албаны нэгдсэн санг цахимжуулах ажлыг өндөр түвшинд зохион байгуулсан. Цахим шилжилтийг үр дүнтэй хийснээр төрийн албаны шалгалтыг аваад шууд дүнг нь тэр даруй олон нийтэд танилцуулдаг болсон. 

Технологид суурилсан шалгалтыг авснаар төрийн албыг шударга, ил тод, нээлттэй болгоход тодорхой хувь нэмэр оруулж байна. 

Ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, инновац нэвтрүүлдэг, орчин үеийн техник технологийг ашиглаж чаддаг байх шалгуурууд төрийн албан хаагчдад зүй ёсоор тавигдаж байна. Мерит зарчмыг тухайн ажил дээрээ хэдэн жил болсноор нь дүгнэдэг буруу жишиг байсан. Бодит утгаараа бол тухайн ажил дээрээ хүлээн зөвшөөрөгдөж байгаа байдлыг хэлдэг. 

Мөн тухайн ажилтны зэрэг ахих асуудлыг зөвхөн ажилласан жилээр нь тооцдогийг болих хэрэгтэй. Тухайн ажил дээрээ хүлээн зөвшөөрөгдсөн, мэдлэг чадвараа дээшлүүлсэн, үр бүтээлтэй ажилласан байдлыг нь харгалзан үздэг тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай. 

Төрийн албаны тухай хууль хэрэгжээд хоёр жил өнгөрсөн байна. Алдаа, оноотой зүйл бий. Гадаад, дотоодод нарийн мэргэжил эзэмшсэн залуучуудыг төрд ажиллуулах гэхээр Төрийн албаны хуулиар тогтоосон босгыг нь давдаггүй. Тухайлбал, парламентын цахим технологийг нэвтрүүлж, цаасгүй парламент болох эхлэлээ тавьсан. Засгийн газраас төрийн 180 гаруй үйлчилгээг цахимаар авдаг болголоо. 

УИХ-ын намрын чуулганаар Төрийн цахим харилцааны тухай, Мэдээллийн өгөгдөл хамгааллын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Эдгээр хуулиудыг дагаад 60 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт орно. Батлагдвал бидэнд мэдээлэл, технологийн нарийн мэргэжлийн ажилтнуудын хэрэгцээ их болно. 

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд цахим шилжилтийг хийж байгаа. 21 аймаг, 330 сумдад шилэн кабель, 3G сүлжээ ороогүй газрууд олон бий. Тиймээс 2021 оны төсвийн хуулийн төсөлд орон нутгийн хатуу болон зөөлөн дэд бүтцийг сайжруулахад онцгой анхаарч, 23 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байгаа. Төрийн үйлчилгээний албан хаагчдад шаардлагатай тоног төхөөрөмж, технологийн асуудлыг нь шат дараатайгаар шийдээд явж байна. Тухайлбал, өнгөрсөн онд багш нарт шаардлагатай 6000 орчим зөөврийн компьютерыг шийдсэн. Эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүдийг өгч байна. Бид инновац, цахим шилжилтийн талаар хандлага, ойлголтоо өөрчлөх цаг болсон. Үндэсний хэмжээнд цахим соёлыг түгээхэд манай байнгын хороо манлайлж ажиллана. Цахим болон цаасан баримт бичгийг адил хэмжээнд хүлээн зөвшөөрдөг байдлыг хууль, эрх зүйн орчинд бий болгоно"хэмээлээ.


Тус үйл явдлын талаар дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.