Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр худалдаалахаар шийдвэрлэлээ. Ингэснээр иргэд одоо 150.000 төгрөгийн үнэтэй байгаа нэг тнн сайжруулсан түлшийг 75.000 төгрөгөөр авах боломжтой. Нэг шуудай нүүрсний үнэ ч 50 хувь хямдарна. Үнийн хөнгөлөлт маргаашаас 2020 оны 4 дүгээр сарын 01-нийг хүртэл үргэлжилнэ.


Шинэ үйлдвэрийг энэ долоо хоногт ашиглалтад хүлээлгэж өгнө

Засгийн газрийн шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Энэ жил Улаанбаатарын хэмжээнд 720.000 тн сайжруулсан түлшний хэрэгцээ бий гэсэн захиалга байгаа. Өнөөдрийн байдлаар өдөрт 2800-3000 тн сайжруулсан түлшийг одоо ажиллаж буй баруун үйлдвэрт үйлдвэрлэж байна. Нийслэлийн хэмжээнд нэг өдрийн хэрэгцээ нь 2800 тн байгаа.

Өдөрт үйлдвэрлэж буй түлшнээс гадна нөөц 57.000 тн байна. Энэ нь хагас сарын хэрэгцээтэй дүйцэхүйц хэмжээний бэлэн түлш нөөцөд байна гэсэн үг.

Улаанбаатар хотын сайжруулсан түлшний хэрэгцээг хангахаар жилд 600.000 тнн сайжруулах хүчин чадалтай  үйлдвэрийг нийслэлийн зүүн талд барьж буй бөгөөд барилга угсралт 98 хувьтай байна. Энэ долоо хоногт ашиглалтад хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Энэ үйлдвэр ашиглалтад орвол түлш үйлдвэрлэлийн хэмжээ 2 дахин нэмэгдэнэ" хэмээлээ.


Хэрэглэгчид борлуулж буй цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ өртгөөсөө бага

Мөн сайд Н.Тавинбэх "Цахилгаан эрчим хүчний үнэ огт нэмэгдээгүй. Нэмэх шаардлага ер нь бий. Гэхдээ цар тахлын энэ үед цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй. Хөл хорионы үед иргэд гэртээ байгаа учраас хэрэглээ нь нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор цахилгаан эрчим хүчтэй холбоотой гомдол иргэдээс ирж байна. 

Гомдлыг хүлээж авах, барагдуулах, асуудлыг нь сайжруулж шийдвэрлэх үүргийг өчигдөр "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн холбогдох ажилтнуудад өгсөн. Иймд иргэд тус байгууллагын иргэдийн санал хүсэлт хүлээж авдаг утсанд холбогдон гомдлоо гаргаж, төлбөр тооцоотой холбоотой тодруулга зэргийг авах боломжтой.

Амаргүй энэ үед хэрэглэгчийн цахилгаан, дулааны хангамжид доголдол гарах учиргүй. Иймд эрчим хүчний салбарын 15.000 орчим албан хаагч 24 цагаар тогтмол ажиллаж байна. 

Өнөөдрийн байдлаар хэрэглэгчид борлуулж буй цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ өртгөөсөө бага байгаа учраас хэрэглэгчдийн цахилгаан, дулааны үнийг хямдруулах нь салбарын хувьд санхүүгийн боломжгүй.

Гэхдээ энэ үед бид хэрэглэгчдэд зориулсан арга хэмжээ авч байгаа. Эрчим хүчний салбараас иргэдэд үйлчилдэг төлбөртэй үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна. Мөн төлбөр нь хугацаанаасаа хоцорсон хэрэглэгчийн цахилгааныг цуцлахгүй байхаар шийдвэрлэсэн. 

Улаанбаатарт сард 87 тэрбум орчим төгрөгийн цахилгаан эрчим хүч хэрэглэдэг. Хэрвээ хөнгөлөлт үзүүлнэ гэвэл энэ хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг бусад эх үүсвэрээс авах шаардлагатай болно.

Зөвхөн шөнийн хэрэглээний төлбөрт улсын төсвөөс 28 тэрбум төгрөг зарцуулж байна" гэв.