Монголын Эзотерик ухааны академийн тэргүүн Н.Соматай ярилцлаа. Тэрбээр энэ сарын 10 буюу ирэх даваа гаригт “Үндэстний ухамсрыг арчих төлөвлөгөө" сэдвээр цуврал лекцээ унших гэж байна. 


-Та монголчуудадаа зориулж маш олон лекц уншсан. Чухам яагаад энэ удаагийн лекцээ “Үндэстний ухамсрыг арчих төлөвлөгөө" сэдвээр уншихаар шийдэв?

-Глобалчлалын үед этнос үндэстэн угсаатнуудын биеэ даасан давтагдашгүй соёлын бодгаль байдал устах үйл явц хурдасдаг. Ингэснээр түүний бичил эс болох хүмүүсийн ухамсар үндэс хөрснөөсөө тасарч, хувь хүнийхээ хувьд устан, масс дотор гээгдэн зомбирч хүн төрхөө алдах аюул тулгарч байна. Энэхүү нэн төвөгтэй асуудал эртний түүхтэй, Еврази тивийг дамнасан дэлхийн гүрнийг 2 ч удаа байгуулсан хаана ч байхгүй өөрийн бие даасан соёл бүхий манай ард түмнийг тойрч гараагүй. 

Монголчууд хүн төрөлхтний угсаатан үндэстнүүд тэдгээрийн соёлыг төрүүлсэн өлгий болох Төв Азийн цээжин дэх энэ онгон дагшин нутагт үеэс үед нүүдэллэн амьдарч, амжилттай тэсэн үлдсэн. Түүгээр ч зогсохгүй, дэлхийн түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн үндэстэн бол яах аргагүй монголчууд. Харин цаашид тэсэн үлдэхийн тулд хэрхвэл зохих талаар, дэлхийн ард түмний эсрэг ажиллаж буй хөтөлбөр ба механизмийг таниулахад чиглэсэн цуврал хичээлийн ээлжит нэг хичээл нь энэ болж байна.  Энэ сэдэв маань урьдах хичээлийн маань үргэлжлэл юм.


-Энэ сэдэвтэй холбоотойгоор таны сэтгэл зүрхийг хамгийн их эмзэглүүлдэг зүйл юу вэ?

-Гадны ямар ч тааламжгүй хүчин зүйл генийн ба ёс суртахууны хувьд эрүүл саруул угсаатан үндэстнийг мөхөөж дийлдэггүй. Хэчнээн тордоод ч ямар ч золиосыг үндэстний баатрууд нь гаргаад ч,  залхуу хойрог бэлэнчлэгч хуулбарлагч, зугаа цэнгэлд амиа өгөхөөс буцахгүй хулгайч худалч, ёс зүйн хувьд ялзарсан иргэд тухайн нийгэмд зонхилж байвал, үхэл мөхлийн замаа үндэстэн өөрсдөө сайн дураараа сонгодог. Ийм бэртэгчид давамгайлан нийгэмд эх оронч үзлийг улс төрийн ашиг хонжоо олох хувийн зорилгодоо л нэр төр хөөцөлдөгч сүйхээтэй хүмүүс амжилттай ашиглахаас бус, чин зүрхнээсээ өөрийн тав тухаа хойш тавьж, нийгмээ нэгэн цул болгон зангидах хэмжээнд ард иргэд эх оронч байж чаддаггүй залхуу болцгоосон байдаг. Ийм л үзэгдэл монголын  нийгэмд давамгайлж байгаад сэтгэл ихэд эмзэглэдэг.


-Ер нь таныхаар үндэстний ухамсар гэж ямар зүйлийг хэлэх вэ?

-Үндэстний ухамсар гэдэг бол этносыг тухайн өргөрөг цаг уур байгалийн болон хүний нийгмийн хүчин зүйлүүдийн дор тэсэн үлдэж, оршин тогтноход шаардлагатай хамгийн оптимал зөв аюулгүй зан үйл, ёс журам, хориг цээр, сэтгэлгээний код бөгөөд бусдаас ялгаатай бие даасан давтагдашгүй соёл ба удмын сангаас нь улбаатай байдаг юм.


-Бид сүүлийн үед өрнийн сэтгэлгээ, тэдний амьдралын хэв маягийг дагаж, уламжлал ёс заншилаасаа алсараад байна уу даа гэсэн бодол төрдөг. Гэтэл манай уламжлал, дорно дахины гүн ухаан шинжлэх ухаанаар батлагдсан зүйл гэдэг. Энэ тал дээрх таны бодол...?

-Техник технологийн эрин үеийг авчирсан Англо Саксуудын энэ иргэншил  мянгахан жилийн замналтай бол дорно дахинд хэдэн арван мянган жилээр тоологдох эртний соёлууд хаяа нийлэн оршсоор ирсэн. Эдгээр соёлуудын үндсэнд ёс зүй, хамаг орчлонг амьтай бурханлаг хэмээн ойлгож, байгальтайгаа зохиролдон орших тухай өрнийн хэлээр пантеист үзэл нийтлэг билээ.  Тэр дундаа манай өвөг дээдсийн хүлээн авсан бурхан багшийн сургааль бол хамгийн төгс системтэй сургааль. 

Дааж давшгүй ихээр үржин, өөрийг нь тэжээн орон гэр болж буй эх дэлхийтэйгээ энэрэлгүй харгис хэрцгий авах идэхийн шуналаар харьцаж тарчилган зовоож буй хүн хэмээх энэ соёлтой араатныг 65 сая жилийн өмнө үлэг гүрвэлүүдийг сэгсэрсэн шигээ хэзээ мөдгүй сэгсрэхэд бэлэн гараг маань энэлэн туйлдан орчиж байна. Үүний тод жишээ бол байгалийн гамшгийн давтамж улам ихэссээр байгаа явдал юм. 

Ухаалаг тархитай ч араатан хэвээрээ байгаа хүний зүйл, тиймээс энэ гараг дээр тэсэн үлдье гэж бодож л байгаа бол амиа хамгаалах зөн совиндоо болтугай хөтлөгдөн, араатан төрхөөсөө салж жинхэнэ хүн болох хэрэгтэй болж байна. Үүнд бидний өвөг дээдсийн шүтээн болох Бурхан Багшийн системт сургаалиас илүү төгс арга хэрэгсэл гэж байхгүй.  


-Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ, бид үнэхээр үндэстнийхээ үнэт зүйлээсээ холдож байгаа ард түмэн мөн үү?

-Оройд дээдлэх эрхэмлэх үнэт зүйлсээ умартаад, оронд нь зугаа цэнгэл мөнгө албан тушаал, архи эрх мэдлийг оронд нь залсан байдал нь үнэт зүйлсээ гээсний шинж биш гэж үү? 

Өвгөд дээдсийн захиасыг мартаж газар нутаг, эх орон, тусгаар тогтнол, өв соёл, удмын сангийн ариун нандин байдлыг аль хэдийнээ тавьж туугаад, зөвхөн өнөөдрийн түр зуурын биеийн жаргалаа хөөн, өдөр хоног өнгөрөөн аядах, тав тухын боолууд хэт үржижээ. Харамсалтай байна.


-Бид заримдаа үнэнийг үнэн, худлыг худал гэж харахаа больсон  мэт санагддаг. Мэдээж нийгмийн нэгээхэн хэсэг нь шүү дээ. Үүний хор хөнөөлийг та юу гэж хардаг вэ. Шударга бустай эвлэрэх нь яавч монгол хүний яс чанар биш шүү дээ?

-Зөвийг буруутгаж, бурууг зөвтгөх нь эмнэлгийн онош юм. Ийм зан байдал хүнээс илэрч байвал шизофрени буюу ухамсар хуваагдал үүсчээ гэж үздэг. Нийгэмд ийм байдал хэвийн үзэгдэл болж нэг нь нөгөөтэйгээ уралдан худал ярьж үнэнийг харин үгүйсгэн, мушгих нуун далдлах дадалтай болж буй нь ухамсрын задрал нийгэмд туйлдаа хүрсний илрэл юм. Үүнийг хэлж өгөх ёстой сэтгэлзүйчид яагаад таг дуугүй байдгийн шалтгаан нь өөрсдөө далд нуугдмал хэлбэрээр удааширмал явагдаж буй ухамсар хуваагдах өвчтэйнх болов уу! 


-Орчин цагийн монгол хүн ямар ухамсартай, сэрэхүйтэй байж улс орон хөгжиж урагшилна гэж та боддог вэ?

-Зөв бурууг ялгах, зөвийн талд тууштай зогсож, бурууд хатуу байх эрүүл саруул ухаантай, элэг нэгтнээ хайрлаж энэрэх дэмжиж туслах халуун сэтгэлтэй, хөдөлмөрч, ач тусыг хариулж мэдэх наад захын ёс зүйтэй байх зан чанар бидэнд хамгийн ихээр дутагдаж байна.


-Монголчуудын ухамсар сэтгэлгээнд нөлөөлж буй олон зүйл бий. Жишээлбэл иог, бясалгалаар хичээллэвэл хэт мөлгөр, номхон хүн болно гэж ярьдаг. Энэ хэр үнэний хувьтай бол?

-Монголчуудын маань гэнэн цайлган сэтгэлээр харь хүмүүс хангалттай тоглож бурханы сургаалийг ч мушгин тайлбарлаж, эх орноо хамгаалан зэвсэг барих ч тэнхэлгүй номхон хүлцэнгүй болгож байсан түүх бий. Өөрсдийнхөө толгойг өөрсдөө мэдэж, бидний генийн болон соёлын кодыг эвдэх элдэв бусын, ухамсарт хүнийг унтаа, ургамал шиг болгон зомбируулагч харийн үзлээр угаалгахаа зогсоох хэрэгтэй. Энэ бол өвөг дээдсийнхээ шүтээн захиас өв уламжлалаас урваж, сүнсийг нь догшруулах томоохон нүгэл шүү дээ.

Харийн элдэв зүйлд автсан хүмүүс өвөг дээдсийнхээ шүтэж байсан бурхан тахилыг сэргээж, эргэж мөргөж байсан сүм хийдэд нь очиж мөргөж заншвал өвөг дээдсээ баярлуулж, ивээлд нь багтаж, буяны үндэс нь батжих болно. Өөр шашинд орж харийн гэгээнтэн шүтдэг болсон олон хүний дургүйг хүргэх үг хэлж байна. Хэлэхгүй байхаас өөр аргагүй. Үзэл номлолтой холилдоогүй Хатха иогийн дасгал дангаараа бол биенд тустай хэрэгтэй зүйл. 


-Манай улсад олон шашны урсгал орж ирсэн. Энэ бүхэн бидний үндэстний ухамсарт хэр хор нөлөөтэй гэж та үздэг вэ?

-Эдгээр олон харийн шашин измүүд нь Монгол үндэстний аюулгүй, бат, давтагдашгүй бие даасан бодгаль чанараа хадгалан орших гол баталгаа болсон  соёлынх нь кодонд эргэлт буцалтгүй эвдрэл гаргаж задлах улмаар мөхөөх хор нөлөөтэй. Үндэстний соёл, түүгээр нөхцөлдөх үндэсний ухамсар нь эвдэгдэж мөхвөл тухайн үндэстэн бусдад уусан мөхдөг зүй тогтолтой юм.


-Эцэстээ бид монгол хүний тухай л ярьж байгаа. Би монгол хүн гэсэн ухамсрыг хүүхэд байхаас суулгахын тулд өнөө цагийн монголчууд юу хийх ёстой вэ?

-Эцэг эхчүүд хүүхдээ бага наснаас нь монгол ардын дуу аялгуу, бүжиг, аман зохиол монгол үлгэр туульс дунд өсгөх хэрэгтэй байна. Монгол ардын аман зохиол хэмээх асар амттай оюуны тэжээлд зөв сайн хүнийг төлөвшүүлэх кодууд бүрэн багтсан байгаа шүү. Телевиз, фэйсбүүк гэх мэт нийгмийн сүлжээ эсвэл компьютерийн монитороос хүүхдээ аврах асуудал хамгийн ихээр тулгамдчихлаа. Ядахдаа цацраг долгионууд нь тэнэгрүүлэх нөлөөтэй, дээр нь тэдгээрээр ухамсрыг хордуулах жинхэнэ аймшиг дамжин ирж байгаа.


-Та лекцийнхээ үеэр “Мөхөж буй соёл иргэншлийн гол шинж нь соёл, ёс суртахуун, хүний ёс, товчдоо үнэт зүйлсийн доройтол” гэж хэлсэн. Бид ер нь энэ талаар бодож эргэцүүлэхдээ хамгийн чухалчлах зүйлийг та юу гэж онцлох вэ?

-Хүн бол адгуусаас ялгаатай нь оюунт амьтан. Бидний эрхэмлэн дээдэлж тэмүүлбээс зохих зүйлс нь тиймээс яавч адгуусныхтай эгээ адилхан хоол, нөхөн үржихүй, бусдын дээр байх санаархал эдгээр гурван программ байх ёсгүй. Гэтэл хүний дүр байдалтай костюм өмсч зангиа зүүсэн мөртлөө эдгээр гурван зүйлийн төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүс байна уу? Байхаар барах уу. Авах идэх арга нь адгууснаас хавьгүй ухаалаг, соёлтой байгаа болохоос утга чанар нь ямар ч ялгаагүй, харин ч илүү харгис хэрцгий хорт үйлдлийн нь үр дагавар хөөрхий нэг муу адгуусныхыг бодвол хэмжээлшгүй өргөн цар хүрээтэй. Иймээс ч хүн хэмээх араатан! 


-Та нэгэн ярилцлагадаа “Аз жаргал хэзээ ч материаллаг байдалд байдаггүй” гэжээ. Гэтэл бид яг эсрэгээрээ яваад байдаг. Бид яаж ухаарч сэхээрэх ард түмэн юм бол, таны бодол, эмзэглэл?

-Хүн чанарыг нь сэрээж өгөх маш том байгаль нийгмийн катаклизм болохоос нааш сэхээрэх шинжгүй л ард түмэн юм даа, хараад байх нь ээ! Үнэхээр буянт мал, суут богд дээдсүүдийнхээ ачаар өлсч, туйлдаж, модоо барьж яваагүй ард түмэн л дээ. 


-Өнөөгийн нийгэмд бүгд л хэт их хэрэгцээ рүү тэмүүлцгээх болсон. Гэтэл бид эртнээсээ нүүдэлчид, хэзээ ч ад агуурсны хураах гэж амьдарч яваагүй. Үүн дээр таны бодол?

-Тийм ээ, шунал ихт шулам болно гэж үздэг манай ард түмэн ухаалаг зөв зохист хэрэглээтэй ядуурч үгүйрэх зовлонгоос ангид оршиж байсан буянт хүмүүс байжээ. Миний настай аавын ярьснаар энэ зууны эхээр  хамгийн ядуу хүн 100, 200 аар тоологдох малтай байсан гэдэг.

Бидний нүүдэлчин өвөг дээдэс нүүж ачаалахад тээргүй авсаархан, дээд зэргийн минимал, гэхдээ үнэтэй оригинал материалаар, урлагийн бүтээлийн хэмжээнд урласан тансаг хувцас, ахуйн эдлэл хэрэглэлтэй байсан. Түүх соёлыг маань мартуулж өвөг дээдэс түүх соёлоороо омогшиж хэн бэ гэдгээ мэдрэх вий, мэдчих вий гэсэндээ хөдсөн дээлтэй бөөсөнд баригдсан бичиг соёлгүй, бүгдээрээ яранд баригдсан мангарууд байсан гэж орос ах нар түүхийг маань зохиож бичээд бидэнд итгүүлсэн. Гэвч тухайн үеийн нь амьд гэрчүүд үгүй гэдгийг мэр сэр дамжуулжээ. 


-Монголчууд чадалтай, тэнгэрлэг, оюунлаг хүмүүс хэр нь яагаад өөдөлдөггүйн шалтгаан нь бие биенээ хайрлаж, нэгдэж чаддаггүйтэй холбоотой гэж та ярьж байсан. Үүнийг та юунаас анзаардаг вэ, бидэнд юу дутагдаад байдаг юм бол?

-Монгол хүнийг мангас язгууртай, асураар даруулсан үндэстэн гэдэг. Энэ мангас асурын гол шинж атаа жөтөө уур омог ихтэй байдал юм. Ялангуяа атаа их. Харийн хүнд хачин гэнэн цайлган хамаг байдгаа туугаад өгнө, харин өөр зураа бол барьцаж атаархах гэж янзтай. Аяндаа хэзээ ч нэгдэж байгаагүй, Эзэн Богд л ганц удаа нэгтгэснээр дэлхийн гүрнийг байгуулсан. Үндэстний бичил эсүүд болох хүмүүс нь элэг нэгтнээ үзээд хайрын даавар ялгаруулан мишээж байдаг бол тухайн үндэстэн бат тогтвортой оршсоор байдаг гэдэг. Миний аавын хэлснээр өнгөрсөн зууны эхээр монголчууд бурхны шашнаа хараахан мартаж амжаагүй хүн чанар гэж сүү хэвээр байсан учраас яг ийм бие биеэ харж амар мэнд асуун мишээсэн эвийлж хөөрхийлсэн жинхэнэ хүмүүс байсан гэнэ лээ. Хотжилт суурьшилттай зэрэгцэн, нөгөө найрсаг хүнлэг харилцаа хүйтэрч хялан цэхэн гэсэн нэг нэгийгээ тээршаасан байдлаар солигдож, хүний чанар эрс доройтсон гэж билээ. 

Бидэнд сэтгэлийн соёл дутагдаж байна. Бөөстэй гэж муулуулсан бидний өвөг дээдэст маань хангалттай байсан тэр л зүйл.

Хатуу цөлх дайнч үндэстэн тэгж зөөлөрч хүний хайлан болсны үндсэнд бурханы сургааль оршиж буй. Монгол хүн эр зоригоо алдахгүйгээр, энэ рекордыг тогтоосон бол жинхэнэ бурханлиг супер үндэстэн болох байлаа. Эргээд сэхье гэвэл монголчуудыг хамгийн дайчин үндэстэн болгосон төрөлх зоригоо элэг нэгтнээ эх нутгаа хайрлах хайртай хослуулан сэрээх шаардлагатай байна.  Зугаа цэнгэл, архи дарс, утас маажих зэрэг доод хүний дорд үйлдлүүдэд иргэдийн хайр болон зориг нь дарагдсан байна.  Зомбирсон байдлаасаа татгалзаж тусгаар тогтнолоо алдаж буйгаа санаж, сэрж сэхээрэх хэрэгтэй байна даа.