Эрүүл мэндийн яам,Шинжлэх ухааны академи  хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичигт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар өнөөдөр гарын үсэг зурлаа. 

Санамж бичгийн зорилго нь ЭМЯ, ШУА-ийн хамтын ажиллагааг шинжлэх ухааны чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх, эрүүл мэндийн салбарын эрдэмтэн судлаачдын чадавхийг сайжруулах, судалгааны чадавхийг бэхжүүлэх, тулгамдсан асуудлуудыг судалж, шаардлагатай бодлого шийдвэрийг боловсруулах үйл явцыг шинжлэх ухааны нотолгоотойгоор хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад оршиж байгаа юм.

ЭМЯ, ШУА өмнө нь байгуулсан санамж бичгийн хүрээнд эх, хүүхдийн эндэгдлийн асуудлаар хамтран ажилласны үр дүнд эх хүүхдийн эндэгдэл 2 дахин буурсан үр дүн үзүүлж байсан. Энэ удаа хүн амын дунд зонхиолж байгаа өвчлөлд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах, эрүүл мэндийн салбарын олон улсын болон  захиалгат төслүүдийн үр дүн, эдийн засгийн өгөөжийг нотолгоо болгох, уялдаа холбоог судлуулах, судалгаанд үндэслэж салбарын эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхой болгоход хоёр тал хамтран ажиллах юм.

Санамж бичиг үзэглэх үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Элэгний вирус устгах чиглэлээр ШУА, ЭМЯ хамтран, Монгол улс өөрөө эм, вакцинаа хийдэг болохын төлөө ажиллана” гэдгийг онцоллоо. Харин ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Эрүүл мэндийн салбар бол шинжлэх ухааныг хамгийн өргөн хэрэглэдэг салбар.   Бидний хамтын ажиллагаа Монголын ард түмэнд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.