Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-аас Монгол- Оросын найрамдлын 59 дэх сар, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 97 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан цуврал арга хэмжээ “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр өндөрлөлөө.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Б.Дэлгэрмаа болон ЭСЯ-ны хамт олон энэ сарын 5-нд тус хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм.

Энэ үеэр элчин сайд Б.Дэлгэрмаа "Энэхүү хөшөөг Аугаа Эх орны дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойд зориулан дайны хүнд хэцүү цаг үеийг хамт туулсан монголын ард түмнээс оросын ард түмэнд дурсгасан билээ. 97 жилийн түүхэнд манай хоёр орны харилцаанд сэв суусан удаа байсангүй. Энэ сайхан нөхөрлөлийн бэлгэдэл болсон “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг үе үеийн Элчин сайд, ЭСЯ-ны хамт олон хайрлаж, хүндэтгэж яваасай гэж хүсч байна” хэмээв.

2019 онд Монгол, ОХУ-ын хувьд бас нэгэн чухал тэмдэглэлт ой тохиох нь Халх голын дайны ялалтын 80 жилийн ой билээ. Энэ хүрээнд маршал Жуковын Гэгээн дурсгалыг хүндэтгэх сантай хамтран Халх голын дайны тухай үзэсгэлэн гаргах, 1940-д онд ЗХУ-д үйлдвэрлэгдсэн хуучны машины парад зэрэг олон сонирхолтой арга хэмжээг Москва хотод зохион байгуулахаар ажиллаж буйг Элчин сайд Б.Дэлгэрмаа онцолсон юм. Түүнчлэн “Норовбанзад” сан, ОХУ-ын хамгийн анхны төрийн өмчит Ленфильм кино студитэй хамтран Халх голын дайны тухай кино бүтээхээр болжээ.

Энэ тухай тэрбээр ярихдаа “Бидний хувьд Халх голын дайн тусгаар тогтнолоо хадгалсан түүхэн үйл явдал. Халх голынх шиг сүр хүчтэй агаарын тулаан дэлхийн дайны түүхэнд байдаггүй юм билээ. Бараг 1000 орчим онгоц оролцсон гэдэг. Халх голын дайнд Оросын тал, Японы ч тал хамгийн шилдэг техник хэрэгслээ туршсан. Монголын арми, Улаан арми хамтын хүчээр ялалт байгуулснаар Дэлхийн II дайны зургийг өөрчилсөн гэж үздэг" гэв.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Москва