Нидерланд улсын Гааг хотын олон улсын эрүүгийн шүүхийн өмгөөлөгч Н.Орчлонтой ярилцлаа. Бидний энэ удаагийн ярилцсан сэдэв бол хүний эрх, жендэрийн мэдрэмжийн тухай юм. Нэршил нь албан мэт санагдах ч үнэндээ хүн бүхэн мэдүүштэй сэдэв билээ. 


-Та өөрийгөө феминст гэдэг. Ямар шалгуураар феминист гэж үздэг вэ?

-Би эмэгтэй хүнийг эрэгтэй хүнтэй энэ тэнцүү хүн гэж хардаг. Илүү ч үгүй дутуу ч үгүй, хоёулаа л адилхан хүн. Энэ үзэл хандлага миний амьдралтай холбоотой. Ээж минь ганцаараа гурван хүүхэд өсгөсөн. Ухаан орох цагаас л ээж хүн гэдэг миний хувьд эд материал бүх зүйлээр хангагч, хайраар дулаацуулагч, ар гэрийн баатар байлаа. Тийм болохоор эмэгтэй хүний үүрэг ролийг хүлээн зөвшөөрөх, хүндлэх тал дээр зөв ойлголттой өссөн гэж боддог. 

Мэдээж мэргэжлийн онцлогоос шалтгаалан энэ мэдрэмж, ойлголт улам батажсан.

Хуульч хүний хувьд Монголчуудын жендэрийн хэвшмэл ойлголтод санаа зовж явдаг.


-Монголчуудын хэвшмэл ойлголттойг харуулах хамгийн энгийн жишээнээс ярилцлагаа эхэлье. Та энэ тал дээр ямар жишээ дурдах вэ?

-Бид чинь зугаалах дуртай ард түмэн. Ажил хамт олноороо, найзуудаараа хотоос гараад ирэхээр л хөдөлмөрийн хуваарь дээр шууд харагдана. 

Эрчүүд нэг тийшээ очиж тамхи татацгаана, юм яриад л аар саар зүйлс зөөж, зарим нь эхнээсээ ууж халамцана. Ингээд хоол бэлэн болонгуут иддэг. 

Эмэгтэйчүүд нь эсрэгээрээ очингуутаа хиам зүсэж, хоол ундаа бэлдэж харагдах нь энгийн л  дүр зураг. Уг нь бүгдээрээ амрах гэж, цэвэр агаар амьсгалах гэж очсон биз дээ. 

Хэрвээ жендэрийн мэдрэмжтэй бол хамтдаа ажлаа хувааж хийнэ.  Эрчүүдэд хэлэхэд битгий ийм байгаарай. Ядаж л эмэгтэйчүүдээсээ ямар ажил дээр тусалж болохыг нь асуу, аль болох асуухгүйгээр хий.

Бидэнд өдөр тутамдаа хэрэглэдэг маш олон буруу үг хэллэг, ойлголтууд байна. Балаг гайг нь ч өөрсдөө амсаж яваа. 


-Магадгүй бид анзаардаггүй байж болох юм. Ямар буруу үг хэллэгийг онцлон дурдах вэ?

-Бид хүн төрөлхтний хүйсийн 50 хувийг шууд “доошоо хийсэн”, доромжилсон буруу үг хэллэгийг хэрэглэдэг. Эмэгтэй хүнийг магтахдаа хүртэл “Муухан эр хүнээс дээр” гэдэг. Би лав энэ үгийг ойлгодоггүй, юу гэсэн үг вэ. Эмэгтэй хүн хэчнээн сайн сайхан байсан ч хамгийн муу эрэгтэй хүнээс л дээр гэсэн ойлголт мөн биз дээ.

Үүгээр тогтохгүй олон ойлголт бий. Жишээ нь эмэгтэй хүн шиг чалчаад, шальчигнаад гэдэг. Чалчаа, шальчигнуур байх нь тухайн хүний л ааш зан болохоос биш 3,5 тэрбум эмэгтэй хүний онцлог биш. 


Телевизийн нэвтрүүлэг үзэж байтал хөтлөгч бүсгүй “Би бол урт үстэй, ухаан богинотой бүсгүй хүн билээ” гэж уянгалуулж ирээд л хэлдэг юм даа. Бас нэг поп од бүсгүй “Эмэгтэй хүнийг сардаа нэг балба гэдэг шүү дээ” гэж хэлэхийг сонсоод маш их гайхсан. Тэр хүн эмэгтэй хүнийг сардаа нэг удаа зодохыг дэмждэггүй гэдэгт итгэж байна. Гэхдээ энэ бол үгийн зугаа болгож ч хэлж болохгүй үг. Яриаг нь олон мянган дагагч, сонсогч нь,  идэр өсөх насныхан сонсож байгаа шүү дээ. 

Бид өөрсдөө ч анзааралгүй ийм буруу үзэл хандлага нийгэмд байгаа муу муухай асуудлыг тэжээдэг юм.


Хараал дээр гэхэд эмэгтэй хүнийг хэлж болох хамгийн муухай үг нь янхан. Тэгвэл энэ үг яагаад хамгийн адгийн муухай үг болчихов. Эрэгтэй хүнийг янхан хөлслөгч гэж хэлдэггүй биз дээ. 


Шүүлтүүртэйгээр, хөндлөнгөөс аваад үзвэл бид энэ мэт буруу ойлголтоо өөрсдөө ч анзааралгүй үе дамжин өвлүүлдэг. Ийм ойлголтыг ээж ааваасаа сонсож өссөн эрэгтэй хүүхэд ямар ойлголттой эр хүн болох вэ бодоод үзээрэй.

-Та хуульч хүн. Монголын хуульд жендэрийн мэдрэмж хэр зэрэг байна вэ?

-Гадны орнуудад тухайн эмэгтэй бэлгийн харилцаанд орохыг хүсэхгүй гэдгээ илэрхийлсэн байхад бэлгийн хувьд халдахыг хүчин гэж үздэг. Харин Монголд л тухайн эмэгтэйг заавал биеийн хүчээр эсэргүүцэл үзүүлэх ёстой гэж үзэж байна.  

Тэгээд ч хуульд ямар ч гэмт хэрэг дээр хохирогчийг эсэргүүцсэн байхыг л шаарддаггүй. Жишээ нь гар утсаа алдсан хүнээс “Чи яагаад өөрийнхөө юмыг алдчихаж байгаа юм бэ” гэдэггүй биз дээ. Гэтэл ганцхан хүчингийн хэрэг дээр ийм утгагүй заалт үйлчилдэг юм. 

Үндсэндээ амь насаараа дэнчин тавьж хүчиндэгчтэй тэмцэлдэхийг шаарддаг нь маш буруу.

Амьдрал дээр хүчиндүүлж буй эмэгтэй хүн эсэргүүцэх тусам эрсдэлд ордог. Хүчинд автаад зогсохгүй амь насаа ч алдсан тохиолдол ч хүртэл бий шүү дээ. Зарим эмэгтэй хүн хүчиндүүлэх үедээ айснаасаа болоод шоконд ороод ямар ч хөдөлгөөнгүй болчихдог гэсэн судалгаа бий. 


-Үүнтэй холбогдуулаад асууя. Монголд хүчингийн гэмт хэргийн хохирогчийн эрхийн асуудал ямаршуу байна гэж та хардаг вэ?

-Үнэндээ тааруухан харагддаг. Жишээ нь хүчингийн хэрэгт холбогдсон улс төрчтэй холбоотой хэргийн шүүх хурлын өмнө хэвлэлийнхэн хохирогч нь ирж байна гээд зургийг нь авч харагдсан. Тэр хүн хүчиндүүлж хохирсон хэрнээ дахиад л хэвлэлийнхний хараанд өртөн, Монгол даяар үзүүлэн болж дахиад хохирч байна. 

Олон улсын жишгээр шүүхэд заавал гэрч, хохирогчийг оруулж гаргадаг тусгай нууц хаалга байх ёстой. Тусгай хаалгаар оруулахаас гадна шүүхийн танхимд тухайн хүн харагдахгүй бүхээг гэж бий. Олон нийтэд харагдахгүй, хохирогчийг зөвхөн шүүгч, өмгөөлөгч л түүнийг мэднэ гэсэн үг. Ялангуяа хүчингийн гэмт хэргийн хохирогчийн царай төрхийг харуулахгүй, бүхээгний дотроос дууг нь ч машинаар өөрчилдөг. 


Манай шүүх хурлын танхим жендэрийн ямар ч мэдрэмжгүй, ойлголтгүй, бүх зүйл нь ил байдаг. Хаалттай шүүх хурал зарласан ч шүүхийн танхимд ч гадаа нь ч хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүн гаднаас орж ирээд л аль хэдийн мэдэгдчихсэн, гэрэл зургийн дуранд өртчихсөн.

Энэ бол байж болохгүй зүйл. Тэр хүн чинь гэмт хэргийн хохирогч учраас хамгаалах ёстой. Хамгаална гэдэг бие махбодийн төдийгүй сэтгэл зүйг нь, нэр хүндийг нь хамгаалахыг хэлж байгаа юм. 


Монголын нийгэмд эмэгтэй хүн өөрийнхөө буруугаас, хөх өгзөгөө гаргаж хувцасласнаас болж хүчиндүүлдэг гэсэн ойлголт хэвээрээ байгаа учраас ямар ч гэм зэмгүй,  хохирлоо төлүүлэхийн төлөө явсныхаа төлөө дахиад хов живний баатар болж хохирдог. 

Үүний ард олон зүйл бий. Хуулийн өөрчлөлт, хуулийн байгууллагын үйл ажиллагаанд ч өөрчлөлт хийх зэрэг асуудал байна.


-Саяхан нийгмийн сүлжээгээр хүчингийн гэмт хэрэг нэмэгдээд байна, охид урт хормойтой хувцас өмсөх ёстой гэсэн бичвэр нэлээд түгсэн. Та ийм үзэл бодолтой хүмүүст юу хэлэх вэ?

-Европын улс орнуудад “Би хүчиндүүлж байхдаа ямар хувцас өмссөн бэ” гэсэн үзэсгэлэн анхаарал татсан юм. 

Хүчингийн хэргийн хохирогч болох үедээ өмсөж явсан хувцсыг нь ханаар дүүрэн өлгөсөн байсан. Гал командын, цагдаагийн дүрэмт хувцас, жирийн л жинсэн өмд, фудволктой л явж байж тэд. 

Үүгээрээ хүчиндүүлж байгаа асуудал нь эмэгтэй хүний юу өмссөнд байгаагүйг харуулж байна. 

Эмэгтэйчүүдийг даруу хувцасла, урт хормойтойг нь сонго гэж байгаа бол тэр хүнд өөрсдийгөө захир, өөрийгөө хяна, удирд гэж хэлье.


Битүү хувцас өмсдөг исламын шашинтай улс орнуудад ч гэсэн хүчингийн гэмт хэрэг гардаг юм шүү дээ. Бүр илүү ч их гарна, яагаад гэвэл эмэгтэй хүнийг дорд үздэг нийгэмд хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон гэдгээ хэлдэггүй, нуудаг. 

Тэр байтугай эмэгтэй хүний эрхийг дээдэлдэг, өндөр хөгжилтэй улс орнуудад ч хүчингийн гэмт хэргийн 10-15 хувь нь цагдаад мэдэгддэг гэсэн судалгаа бий. Монгол хүн ам багатай, тэр хэрээрээ нэгнээ мэднэ. Түүнээсээ болоод гэр бүл сална, үр хүүхэд нь шоолуулахаас эмэгтэй хүн эмээж шаналж явдаг. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэргийн маш цөөн хувь нь мэдэгдэж байгаа.


-Бид эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлдэг улс орон. Гэсэн хэдий ч эмэгтэйчүүдэд нэр дэвшвэл хувийн амьдрал руу нь хэт өнгийдөг, гүтгэн доромжлох хандлага байнга цухалздаг нь нууц биш.Энэ үзэл хандлага жэндерийн, хүний эрхийн мэдрэмжгүйн шинж гэж дүгнэж болох уу?

-Дэлхийн хүн амын тал нь эмэгтэй хүн. Тийм учраас жендэрийн мэдрэмжтэй улс орнууд Засгийн газрынхаа 50 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлдэг. Канадын парламентийн гишүүдийн тал хувь нь эмэгтэйчүүд байдаг. Гэтэл манайд энэ асуудлыг үл тоодог.

Саяхан гэхэд хүний эрхийн зүтгэлтэн Ц.Оюунгэрэл гэж хүнийг намаасаа нэр дэвшинэ гэж хэлснийх нь төлөө хэчнээн доромжлохыг бид харлаа. Би хувь хүнийхээ хувьд танихгүй ч үзэл бодлыг нь хүндэтгэдэг маш дэмждэг, хэдийгээр хэцүү ч гэсэн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээсэй гэж маш их хүсэж байна.

Эмэгтэй хүн сонгуульд нэр дэвшихээр л хувийн амьдралыг нь дэлгэж, салж, нийлсэн нөхрийг нь ил гаргадаг. Унагаах арга нь ч тэр. Эр хүний хувьд барагтай л бол ийм зүйл яригдахгүй. Эсвэл ард нь заавал нэг мөнгөтэй, эрх мэдэлтэй хүн байна гэж хардаг. 


Яагаад гээч. Монголын сонгогчдын эрэгтэй эмэгтэй нэр дэвшигчид тавьж байгаа шалгуур шал өөр байгаагийн л илрэл.  Үр дүнд нь сонгуульд голдуу эрчүүд ялалт байгуулдаг. Ядаж л Ерөнхий сайд нь танхмаа бүрдүүлэхдээ 50 хувийг нь эмэгтэй хүнийг сонгож болно шүү дээ. Тэр ажлыг нь хийчих чадвартай эмэгтэй хүн маш олон байгаа. 

Би олон улсын хуульчийнхаа хувьд дэлхийн удирдагчдын ядаж тал нь эмэгтэй хүн болоосой гэж хүсдэг. Тэгвэл цус асгарсан дайн тулаан багасаж, дэлхий ертөнц хүнд, гэр бүл, хүүхдэд илүү ээлтэй нийгэм цогцолно гэдэгт би итгэдэг.


-Амжилттай яваа, өндөр албан тушаал хашдаг эмэгтэйчүүдийг заавал эрэгтэй хүнтэй холбож ойлгодог ойлголт бас бий. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Үүнтэй холбоотой сонгодог онигоо байдаг. Хоёр эмэгтэй хоорондоо ярьж байна гэнэ. 

“-Цэцэгээ албан тушаал дэвшжээ.

-Аан, хэлтсийнхээ даргатай л “унтаа” биз

-Үгүй ээ, хэлтсийн дарга нь эмэгтэй хүн байна.

-Тэгвэл газрынхаа даргатай “унтаад” л дэвшсэн биз?

-Үгүй ээ, газрын дарга нь бас эмэгтэй хүн юм байна.

-Тэгвэл байгууллагынхаа даргатай л “унтсан” биз

-Байгууллагын дарга нь эмэгтэй хүн юм байна.

-Чи юу яриад байгаа юм бэ, тэгвэл наад Цэцэгээ чинь эрэгтэй хүн хүн байна шүү дээ”. Ерөөсөө заавал ийм зүйлтэй хутгадаг гэдгийг маш тод харуулж байгаа биз. 

Сайхан машин унасан эр хүнийг хараад автоматаар “хөдөлмөрч, амжилттай яваа хүн” гэж тодорхойлдог. Тэгсэн хэрнээ эмэгтэй хүнийг яг ижил машин унаад явж байвал “бэлгийн замаар” авсан гэж үздэг. Яагаад тэр хүнийг ганцхан хараад л эмэгтэй хүн гэдэг утгаар нь дүгнэж чадаж байна аа. Боловсролтой, туршлагатай, нийгэмдээ баялаг бүтээсэн хүн байж болно. Яг үнэндээ тэр хүн хөдөлмөрлөөд эсвэл бэлгэнд авсан эсэх нь хэнд хамаатай гэж.



-Хүний эрхийн хуульч хүнээс асуухгүй өнгөрч болохгүй байх аа. Олон хүүхэд гаргасан ээжийг одонгоор шагнадаг, нийгмээрээ сайшаадаг. Эсрэгээрээ хүүхэд гаргаагүй эмэгтэй хүнийг дорд үздэг ойлголт байна. Энэ бол хувь хүний л сонголт болохоос нийгмийн шалгуур үнэлэмж биш биз дээ?

-Хүүхэд гаргасных нь төлөө төрөөс медаль олгоод байх нь утгагүй асуудал. Ингэж шагнах ёстой юм бол одон авах үндсийг нь тавилцсан эрчүүдийг ч бас шагнах ёстой биз дээ. /инээв/ Харин шагнахаасаа илүү олон хүүхэдтэй гэр бүлд үзүүлэх нийгмийн халамжийг дэмжих нь зөв шийдэл гэж хардаг. 

Хүүхэд гаргах чадвартай ч хайрлагдахгүй өсөж байгаа хүүхдүүдийг өргөж өсгөе гэсэн үзэлтэй ч хүн олон бий. 

Хүүхэд гаргасны төлөө нэг нь баатар, гаргаагүйнхээ төлөө нөгөө нь адлагдах ёсгүй. Ер нь хүүхэд гаргах, гаргахгүй байх нь тухайн хүний сонголт юм.



-Сүүлийн асуулт. Та залууст хандаж юу хэлэх вэ? 

-Жендэрийн мэдрэмжтэй байна гэдэг эмэгтэй хүнийг л хамгаалах тухай яриа биш, эрүүл нийгмийг бий болгох ойлголт юм. 

Хэн ч ээж, эгч шигээ хүнд муу зүйл хүргэхийг хүсэхгүй. Гэтэл бидний ахуйд шингэсэн муу муухай хэвшмэл ойлголт байгаа цагт хүчирхийлэл гэдэг зүйл салахгүй. Өмнө дурдсан хэвшмэл ойлгол буюу зодохыг “гар хүрэх” гэж зөөлрүүлж ойлгож байгаа цагт яаж хүчирхийлэл багасах билээ. Үнэндээ гар хүрэх биш эмэгтэй хүнийг зодох, харгислах гэж хэлэх ёстой шүү дээ. Бодоод үз л дээ, эр хүн бадриун том гараа зангидаж байгаад эмэгтэй хүнийг зодчихоод гар хүрчихсэн юм гэж хэлж болох уу. 

Бид хэлж байгаа үгнийхээ цаад утга учрыг танин мэдэх нь чухал байна. Хуульч хүний хувьд хэлэхэд хууль бүх асуудлыг хэзээ ч шийдэж чадахгүй. 

Гар хүрэх гэдэг үг хэллэгийг хуулиар зохицуулах боломжгүй. Бид л буруу ойлголтоосоо салах ёстой. 

Буруу үг хэллэгээс улбаатай ойлголт буруу зүйлийг зөөлрүүлээд, уламжлал, монгол хүний онцлог гэж цагаатгадаг нь муу муухай бүхнийг тэжээгээд байна. Үүнээс салахыг л жендэрийн ойлголттой болох гээд байгаа юм.

Хүн төрөлхтөн тэр чигээрээ бурангуй нийгэмд хэдэн зууныг элээсэн, гэтэл өнөөдрийн бид соёлт ертөнцөд амьдарч байна. Бид бол шинэ цаг үеийн хүмүүс. 

Буруу хэвшмэл ойлголтуудыг соёл уламжлал биш бурангуй нийгмийн үлдэгдэл гэж харах ёстой. 

Нандин, чухал зүйлсээ л уламжлал гэж нэрлэмээр байна.