Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг 2017 оны нэгдүгээр сараас эхлэн сар бүрийн эхний 7 хоногийн бямба гаригт уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ. 

Энэ удаагийн “Номоо солилцъё” өдөрлөг 2018 оны зургаадугаар сарын 1-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” баярын хүрээнд зохион байгуулагдах бөгөөд “JCI Их хүрээ салбар” байгууллагын “Оюуны элч” төсөлтэй хамтран “1000 номын баяр” уриан дор хийхээр төлөвлөөд байна.

“JCI  Их Хүрээ Салбар” байгууллагын зохиодог “Оюуны элч” төсөл нь 2011 оны гуравдугаар сараас эхлэн 7 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа төсөл юм.

Өдөрлөгийн үеэр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас хүүхдийн номнуудыг солилцох бөгөөд номоо солилцсон хүүхэд бүрт “Оюуны элч” төслөөс 1 номыг бэлэглэнэ.

Хүүхэд багачууд, эцэг эхчүүд өөрсдийн солилцох номтойгоо ирж тус өдөрлөгтэй нэгдэж өөрийн уншсан номоо бусадтай солилцож уншихаас гадна хөгжөөнт тоглоом, хүүхдэд зориулсан уралдаан тэмцээнүүдэд оролцож олон олон бэлгийн эзэн болоорой. Өдөрлөг Жанжин Д.Сүхбаатарын талбайд байрлах 75, 76 дугаартай асарт зохион байгуулагдана гэж нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.