Нарлаг дулаахан өдрүүд таарсан болоод ч тэрүү Сүхбаатарын талбай дээрх “Номын баяр-ын өдрүүд хөлтэй, хөөртэй үргэлжилж байна. Баасан гарагт Сүхбаатарын талбайг зорин ирэгсэд ихтэй, шинэ зохиолчид ч олуулаа оролцож, зохиол бүтээлээ дэлгэсэн байлаа. 

Номын баярын хоймор дахь нэгэн асарт Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж “Монголын их амар амгалан”-г илтгэх мэт дүнхийн сууж байв. Сүүлийн үед уншигч олонд төдийлөн харагдаагүй яруу найрагчтай мэнд мэдэж, гарын үсгийг нь авахыг хүссэн хүмүүс олон байсан учраас ярилцлага авахыг хүссэн сэтгүүлчдэд цаг гаргах завгүй өдрийг өнгөрөөсөн юм.

Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо тэр хоёр нэг асарт суух агаад, Ц.Бавуудорж энэ удаагийн номын баярт 1990-2000 онд бичсэн яруу найргийн түүврүүдтэйгээ иржээ.

Номын баярын хамгийн хөлтэй асруудын нэг нь Интерномынх. Тэд уншигч олондоо зориулж тусгай хөтөлбөр гаргаж, уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж байлаа. “Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Монголын нууц товчоо” ба “1001 шөнийн үлгэр” хүүхдэд зориулсан шинэ бүтээлүүд нь “Номын баяр”-т оролцогчдын анхаарлыг ихэд татаж байна лээ. 


 

Шинэ зохиолчид ч  уншигчидтайгаа уулзаж, номоо борлуулж харагдана. “Нууцлаг ертөнцийн зохиолууд”, “Шидтэнүүдийн сургууль”-1,2,3, “Сүнстэй ярилцагч” номын зохиолч О.Өнөрцэцэг “Хуруу жаал”хэмээх шинэхэн бүтээлтэйгээ энд иржээ. Фэйсбүүкээр дамжуулан уншигчидтайгаа холбогддог агаад өглөө ирсэнээс хойш хориод номоо борлуулсан гэж тэр ярив.

Номын баярын өдрийн албан ёсны нээлт өнөөдөр 11 цагаас нийслэл, аймаг, орон нутагт нэгэн зэрэг эхэллээ. 

Номын баярын үеэр 100 гаруй асар сүндэрлэж, “Интерном”, “Азхур” номын дэлгүүрүүд 10-50 хувийн хямдрал зарлажээ. 

Номын баяр-2020 үргэлжилж байна.