Нохойны диваажин болсон харш Бээжин хотын ойролцоо байрладаг. Тус харш нь агааржуулагчтай өрөөнүүд, улирлын чанартай халаалтын систем байрлуулсан усан сан, спа, үсрэх зориулалттай батут, болон гаднаа цэлгэр талбайтай ажээ. 31 настай Жоу Тианксиаогийн хэлснээр тэрээр дөрвөн жилийн өмнө ажилгүй, эмээтэйгээ амьдарч байсан байна. Түүний амьдрал ийм дорой байх үед Силар нэртэй нохойгоо худалдан авчээ. Энэ цагаас хойш амьдралд нь эерэг олон өөрчлөлт гарсан байна. Хятадын өдөр тутамын сонинд өгсөн ярилцлагадаа “Тэр миний амьдралыг өөрчилсөн, би түүнд байгаа бүхнээ зориулна” гэж Жоу хэлжээ. Жоуг бага байхад эцэг эх нь салж тэрбээр маш дуулгаваргүй хүүхэд болсон ба интернет кафед өдөржин тоглож, согтууруулах ундаа хэрэглэн улмаар байнга зодоон өдөөдөг байсан ба түүний энэ амьдрал арав гаруй жил үргэлжилсэн байна. 

Тэр яваандаа компьютер тоглоомноос залхаж,  өөртөө үнэнч найзтай болохоор шийджээ. "Нохой үнэнч гэдгийг би сонссон. Эзэд нь ядуу байсан ч хамаагүй. Тийм учраас би нохой авахаар шийдсэн юм "гэж тэр хэлсэн байна. Жоугийн хэлсэнээр тэр багадаа алдсан хайрыг эргүүлэн олж авсан бөгөөд түүний Силар нь гэрийн тэжээмэл нохойноос ч илүү ба түүнийг гэр бүл гэж үздэг. Жоу анх нохой сургагчдын YouTube-ийн видеог үзэж Силарыг сургаж, мэдсэн аргуудаа ашигласнаар, Силар “high five” хийх, үхсэн мэт хэвтэх, хүн шиг алхах, ширээн дээр үсрэх зэрэг чадваруудыг эзэмшжээ. Бахархсан эзэн нь түүний бичлэгийг онлайн-аар цацах болсон байна. Улмаар түүний нохой сошиал од болсон ба хэдэн зуун мянган дагагчтай болж Жоугийн оруулсан бичлэгийг хэдэн сая удаа үзэх болсон гэнэ.

Силарын нэр хүнд өсөн нэмэгдсэн нь түүнийг Хятадын цахим худалдаан дээр нохойны хоол болон тоглоомны дэлгүүр нээх урам зориг өгчээ. Жоу өнгөрсөн жил онлайн худалдаанаас олсон мөнгөөр Шунуй дүүргийн алслагдсан газарт 8,600кв.км газар түрээслэн авч хагас сая долларын үнэтэй нохойны харш барьжээ. "Би өөрийн хийсэн зүйлээ гайхалтай гэж бодохгүй байна, энэ нь аав хүний хийх ёстой зүйл юм. Миний нохой байгаагүй бол би тамхи татах дуртай хэвээр, өдөржингөө тоглож, амьдралаа үрэн таран хийх байсан"гэжээ. Силарын харш олон нийтэд нээлттэй болсон бөгөөд бусад нохойнууд ч гэсэн түүнтэй адил тансаглах боломжтой болоод жил болжээ. Нохойнууд агааржуулагч, том дэртэй өрөөнд унтаж болохоос гадна эмчилгээний банн болон спагаар 175 юан ($26) үйлчлүүлэн тосон массаж 400 юан ($58)-аар авах боломжтой.