Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хот болон Архангай, Сэлэнгэ аймагт Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хориог 12 дугаар сарын 11-нийг хүртэл сунгасан.

Тэгвэл нийслэлд хөл хориог үргэлжлүүлэн сунгах эсэх саналаа Нийслэлийн онцгой комисс /НОК/ өнөөдөр Улсын онцгой комисст хүргүүлэхээр болжээ.

Энэ талаар НОК-ын Шуурхай штабын удирлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар "Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг, чиглэлийн дагуу гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг 12 дугаар сарын 11-нээс хойш сунгах эсэх, ААН, байгууллагуудын үйл ажиллагааг хэсэгчлэн нээхтэй холбогдуулан НОК-ын Шуурхай штабт холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамтарсан Ажлыг хэсэг ажиллаж байна. 

Үйл ажиллагааг нь эхний ээлжид нээх байгууллагуудын тооцоо судалгаа, саналыг боловсруулж байна. Мөн тус байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг сахих түр зааврын саналыг боловсруулж байна.

Энэ талаарх саналаа 12 дугаар сарын 07-нд Улсын онцгой комисст хүргүүлнэ" хэмээн мэдээллээ.