Энэ жил Нобелийн шагналтнуудтай хийх Линдаугийн уулзалтад Монгол Улсаас АШУҮИС-ийн багш, залуу судлаач, анагаах ухааны доктор О.Зэсэмдорж, Б.Хонгорзул нар оролцохоор сонгогджээ.

Ирэх зургадугаар сарын 24-29-ний өдрүүдэд Констас нуурын эрэг дээр болох энэхүү уулзалтад 35 хүртэлх насны 600 шилдэг оюутан, докторант, залуу эрдэмтэд оролцох юм байна. Анагаах ухаан, физиологийн чиглэлээр зохион байгуулагдах өнөө жилийн уулзалтад 84 орны төлөөлөл оролцох бөгөөд анагаах ухааны чиглэлээр анх удаа Нобелийн шагналт 43 эрдэмтэн ирнэ гэдгээ мэдэгджээ. 

Линдаугийн Нобелийн шагналтны уулзалтыг Зохион байгуулах зөвлөлийн Ерөнхийлөгч, хатагтай Коунтэс Беттина Бернадотте: "Энэ зун шилдэг судлаачдынхаа залгамж халааг дахин нэг удаа урих болж байна. Бид 80 гаруй үндэстний төлөөллийг Линдауд нэгэн дор ирүүлж, залуу үеийнхэн маань санал, бодлоо идэвхитэй солилцохоос гадна үндэстэн хоорондын хил хязгааргүй уулзалт болохыг онцлон тэмдэглүүштэй юм. Ялангуяа залуу судлаачдын 50 хувь нь эмэгтэйчүүд байгаад талархаж байна" гэжээ.

Дэлхийн хэмжээнд эрдэм шинжилгээний 130 гаруй байгууллага-академиуд, их сургууль, сангууд өөрсдийн дотоод шалгаруулалтын үндсэн дээр энэ уулзалтад оролцогчдыг сонгож, томилон ирүүлжээ. Берлин дэх Чаритын их сургуулийн нян судлал, дархлаа судлалын профессор бөгөөд Макс Планкийн Халдварын биологийн хүрээлэнгийн захирал, профессор Стефан Кауфман Н.Е.: "Миний хувьд сонгон шалгаруулалтыг хүндхэн болгосон ийм олон чадварлаг залуусаас уулзалтад оролцох төлөөллийг үнэлж сонгосондоо баяртай байна" гэжээ. Профессор Стефан Кауфман Н.Е. бол Зөвлөлийн гишүүн бөгөөд уулзалтыг даргалах хоёр эрдэмтний нэг, Линдаугийн уулзалтын хөтөлбөрийн төслийг боловсруулах давхар хариуцлагыг хүлээсэн хүн юм.

Уулзалтын үеэр Нобелийн шагналтнууд оролцогчдын асуултад хариулж, залуу судлаачид өөрсдийн судалгааны дүнгээс Нобелийн шагналтнууд болон эрдэмтдийн төлөөлөлд танилцуулах юм байна.

Линдаугийн уулзалтад 2017 онд шинээр Нобелийн шагнал хүртсэн гурван эрдэмтэн оролцох болно. Тэд бол "Дотоод цаг" бүтээлээрээ Нобелийн шагнал хүртсэн биологч Майкл Росбах, Майкл Янг болон Герман-Америкийн химич Иоахим Франк нар юм. "Дотоод цаг"-ийн зэрэгцээ Линдаугийн 68 дахь уулзалт дээр ярилцах нэг гол сэдэв бол "Үнэнийг тогтоосны дараа л нийтлэх эрин" буюу ген заслын эмчилгээтэй холбоотой эрдэм шинжилгээний бүтээлийг хэвлэн нийтлүүлэхэд шинжлэх ухааны гүйцэтгэх үүргийн тухай байх юм байна.

Линдаугийн Нобелийн шагналтантай хийх уулзалт анх 1951онд болсноос хойш залуу судлаачид туршлага солилцох, харилцаа холбоо тогтоохыг нь болон тэдний хүсэл тэмүүллийг дэмжиж ирсэн уламжлалтай.




Эх сурвалж: ШУА