Эдийн засгийн салбарт энэ оны Нобелийн шагналтнаар америк эрдэмтэд Уильям Нордхаус, Пол Ромер нар тодорлоо. Тэд байгаль орчны тулгамдсан асуудлыг Өрнөдийн эдийн засгийн өсөлтийн загвартай уялдуулан холбох болон технологийн үр өгөөжийн тухай судалгаагаараа энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болжээ.

Хоёр эрдэмтний судалгаа урт хугацааны, тогтвортой хөгжил цэцэглэлтийг хэрхэн дэмжих вэ гэдэг асуултын хариултыг олоход ихээхэн тус болно гэж Шведийн Эзэн хааны шинжлэх ухааны академи мэдэгдлээ.

Дэлхийн дулаарлаас болж гарч болзошгүй гамшгийн хэмжээний үр дагаврыг хязгаарлахын тулд олон нийтийн бодлогод яаралтай өөрчлөлт оруулах шаардлагатай гэж НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи Засгийн газар хоорондын комисс мэдэгдсэний дараахан эдийн засгийн салбарын Нобелийн шагналтнуудын нэрийг зарлажээ.

Бидний хийсэн энэ сонголт бол олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлон харуулах зорилготой гэж Шведийн Эзэн хааны шинжлэх ухааны академи мэдэгдсэн байна.

Харин тус академийн Ерөнхий нарийн бичгийн дарга Горан К. Ханссон, тулгамдсан асуудлыг зохицуулахад дэлхий даяараа хамтран ажиллах хэрэгтэй гэсэн захидлыг энэхүү сонголтоор бид илгээж байна гэж мэдэгджээ.

Эдийн засгийн салбарын шагнал нь үндсэндээ Нобелийн шагнал биш юм. Учир нь Альфред Нобель өөрийн хөрөнгөө хими, физик, анагаах, уран зохиол, энх тайван гэсэн таван салбарт гэрээсэлсэн байдаг. 1968 онд Нобелийн сан Шведийн төв банкны 300 жилийн ойг тэмдэглэх зорилгоор тус банкны хандиваар Нобелийн эдийн засгийн шагналыг бий болгож, 1969 оноос гардуулж эхэлжээ.

Нобелийн шагнал гардуулах ёслол 12 дугаар сарын 10-нд Шведийн Стокгольм хотноо болно.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг