Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл /худал мэдүүлэх/-ийн 21.2-1, 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Номтойбаяр, Б.Ган-Эрдэнэ, Б.Нямдаваа, Н.Ууганбаяр, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд, Н.Баттөгс, Б.Шижиржаргал, Д.Батмөнх нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.

Урьдчилсан хэлэлцүүлгээр Н.Номтойбаярыг цагдан хорихоор шийдвэрлэж, хорих 461 дүгээр анги руу авч явжээ.

Энэ талаар Н.Номтойбаяр "Ноёнтой тэрсэлдсэн хүн хормойгүй гэж ардын, улстөр орсон цагт хууль хамаагүй гэж миний хэлсэн үг үнэн боллоо. Чингэлтэй дүүргийн шүүгч намайг хорих шийдвэр гаргалаа. Цагдан хорих 461 дүгээр ангиас УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүргээс нэр дэвшээд гараад ирэхийг харъя гэж байгаа бололтой. Өнөөдрийн хуулийн байгууллага МАН-ын харуул хамгаалалтын алба шиг ажиллаж байгаа нь миний нэр дэвшиж байгаагийн нэг үндэслэл" хэмээн цахим хуудаснаа нийтэлсэн байсан.

Харин түүний өмгөөлөгч Н.Мандах "Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг Н.Номтойбаярт аваад, бусдад нь аваагүй гэсэн тайлбар хийсэн. Энэ нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. 

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35.1-д хэрвээ тухайн нэр дэвшигчийг баривчлах, цагдан хорих эсэх асуудлыг шийдвэрлэх бол СЕХ-ноос зөвшөөрөл авах зохицуулалттай. Яагаад гэхээр 2020 оны тавдугаар сарын 22-нд нэр дэвшигч Н.Номтойбаяр УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт өрсөлдөх СЕХ-ны тогтоол гарсан. Энэ байдлыг шүүх мэдсээр байж ийм ажиллагаа явуулж буй нь цэвэр улс төрийн зорилготой гэж бид харж байна. 

Шийдвэрээ гаргачихсан гэж хэлснээ хуралдаан завсарлаж байна гээд гараад явсан зэргээр шүүгч сая байж боломгүй нөхцөл байдлуудыг үүсгэсэн. 

Цагдаагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ирээд Н.Номтойбаярыг ганцааранг нь машинд суулгаад аваад явлаа. Энэ бол УИХ-ын сонгуульд оролцуулахгүй, оролцоход нь тодорхой хэмжээний саад учруулах нөхцөл үүсгэж байна" хэмээн мэдээлэл өглөө.