УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гишүүдэд 3.9 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх асуудал мөн Г.Батхүү агсны амь насаа алдсан хэргийн талаар тайлбар өглөө.

Түүний хийсэн мэдэгдлээс онцлох эшлэлийг хүргэж байна.

1. АТГ яаж ажиллаад байна вэ. Би АТГ-т тайлбар өгөхөөр сүүлийн дөрвөн хоног хүлээж байгаа. Миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх гэж байна гэж дуулсан.  АТГ-ын дарга З.Дашдаваа энэ мэдээллийг харж үзэж байгаа байх. Намайг хүлээж авч уулзаарай.

2.Г.Батхүү агсны амь насаа алдсан хэрэгт холбогдуулан намайг яллагдагчаар татсан зүйл огт байхгүй. Энэ асуудлаар сэжигтэн, яллагдагчаар татагдсан зүйл байна уу үгүй юу гэдгийг энэ хэргийг хянаж байгаа прокурортой албан уулзалт хийхдээ асуусан. Тийм зүйл байхгүй гэсэн.  Би энэ хэрэгтэй холбоотой гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн. 

3. Миний өрөөнд орж ирэхэд нь би архи задалсан нь үнэн. Тэгээд ч надад талийгаач ахтай муудалцсан зүйл байхгүй. Гэхдээ Г.Батхүү агсан амсаагүй. Хэрэг явдал гарах үед би гурван давхарт нэг гишүүний өрөөнд сууж байсан. Тэр нь гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогдсон

4.Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд ажиллаж байгаад халагдсан жолооч хар тамхи зөөвөрлөж байгаад баригдаад, ял авсан гэсэн мэдээлэл сонссон. Гэхдээ миний жолооч байхдаа биш дараа нь энэ хэрэгт холбогдсон.

5. Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайдыг дуудаж 10 гаруй гишүүн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас мөнгө авсан асуудал байна гэсэн мэдээлэл гарсан гэж ярьсан гэсэн. Засгийн газрын хуралдаан дээр яригдсан гэхээр нь би Ерөнхий сайдтай уулзах хүсэлт өгсөн ч уулзаагүй. Намрын чуулган эхэлсний дараахан нэг УИХ-ын гишүүн өнөөдөр болж байгаа процессыг согтуудаа гишүүдэд хэлсэн гэж би сонссон.

6. Би хоёр хэрэгт гүтгэгдээд яваад байгаа. Дуугүй явж байх ёстой юм уу. Тиймээс л дуугараад, шалгуулаад явж байна. Намайг л яллах гээд үзээд байна л даа. Худлаа ярьсан гээд цагдаа нь хүртэл гүтгээд байх юм.

7. Миний зан характерын нэг онцлог бий. Шулуухан хэлчихдэг, чанга ч дуугарчихдаг талтай. Тэгэхээр АТГ-ын дарга Дашдаваа та нар үнэхээр намайг буруутай гэж нотлох баримт байгаа бол бариад УИХ-д оруулаад ир.

8. Хэрэв намайг хэрэгт буруутгах гээд байгаа бол үндэслэлтэй зүйл оруулаад ирвэл гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзахад бэлэн.