"Цензургүй яриа" нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцсон юм. Түүний ярилцлагаас онцлох 10 ишлэлийг хүргэж байна.

  1. Яагаад 30 гэр бүл гэж тоо гарсныг мэдэхгүй. Гэхдээ үүнийг тодотгож өгсөн У.Хүрэлсүх Ерөнхий сайдад баярласан. Яг үнэндээ Монголын эдийн засгийг татвар төлдөг 100-150 компани үүрч яваа. Тэр мөнгөөр энэ улс орны асуудал, зам харилцаа, батлан хамгаалах бодлогын хэрэгжилт явагдаж байгаа. Улс төрчид тэр мөнгийг үйлдвэрлэдэггүй юм. Зөвхөн хууль эрх зүйн орчныг нь бий болгох үүрэгтэй. Тийм учраас энэ 30 гэр бүлийн нэгээр цоллуулчих вий гэж айж эмээх ямар ч шаардлага байхгүй. Харин ч төсвийг бүрдүүлж байгаа гэдэг утгаараа гавьяатай хүмүүс юм.
  2. Цагаан суваргын ордын төслийн үр өгөөжийн 60 хувийг бид татвараар төлдөг. 
  3. Хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа учраас өөрсдөө санаачилгаараа Цагаан суваргын орд газрын лицензийг улсад хураалгахгүй. Бүх зүйл хуулийн дагуу л явагдах ёстой. Эсвэл дээрэмдээд ав. Хууль дүрэмгүй тоглосны гай их шүү.
  4. 34 байна уу 300 байна уу хамаа алга. Энэ бол тоо төдий зүйл. Хамгийн гол нь Монгол улсад хэрэгтэй юм уу, ажлын байр бий болгож байгаа юм уу, улсын төсөвт орлого нэмэгдэх юм уу, импортын бараа бүтээгдэхүүнийг орлож чадах уу гэдгийг тооцох үзэх ёстой. 
  5. Баялгийг маш олон хүний хүчээр гаргаж авч эцсийн хэрэглэгчид очиж байж бий болгодог юм. Байгаа орд чинь дангаараа баялаг биш. Уул уурхай руу бүх зүйлээ бухаад хаагаад хаячихаж болохгүй. Хийж бүтээдэг баялаг бүтээгчдээ яллаад байгаа нь харамсалтай. Намайг яллаж болно, бусдыг нь битгий хааж боо. Яагаад хөдөлмөрлөж бүтээж, хөрөнгөтэй байж болдоггүй нийгэм юм бэ?
  6. Би иймэрхүү зүйлээр барьцаалагдаад явдаг хүн биш. Хэрвээ намайг бизнесээр барьцаалах гэж байгаа бол чадахгүй. Үүнийгээ ч дахиад хэлье. Би итгэл үнэмшлээрээ байж чадахгүй бол улс төрд явах хүн биш. Хүнд таалагдахын тулд явж чадахгүй. Эргээд хэлсэн үгээ бодохоор харамсаад, буруу зүйл хийж дээ гэсэн бодол төрдөггүй.
  7. Манай гэр бүл МАН-ын байр шатсаны дараа 1 тэрбум төгрөг хандивласан нь үнэн. Гэхдээ энэ нь намайг дэд сайд болоход нөлөөлсөн хөшүүрэг болсон гэвэл худлаа. У.Хүрэлсүх сайдтай ам мурийсны дараа энэ мөнгөө нэхсэн хэрүүл хийсэн гэдэг бүр ч худлаа.
  8. Ерөнхий сайд У.Хүрэлсүх бид хоёрыг хонь чоно шиг боддог байх. Улс төрийн үйл явцад сайдах муудах зүйл бий. Зарчмын хувьд хэлээд өнгөрдөг. Хувь хүний хувьд бид аятайхан харилцаатай. Эр хүний хувьд надад итгэж сэтгэлээ уудлах үе байсан. Үүнийг би дэлгэж болохгүй. 
  9. Сүүлийн үед хонгил гэж яриад байгаа. Би тэр хонгилоор дунд хүртэл нь явж үзсэн. Надаас цагдаагийн албан хаагч сая доллар нэхэж байсан удаа бий. Хоёр хүнээр дамжуулж нэхсэн. Тэр хоёр хүний нэг нь минзуй Нямдорж буюу миний багын найз. Одоо тэр хүн албан тушаалаасаа буусан. Хэрвээ дахин албандаа томилогдвол би түүнийг илчилнэ.Тухайн үед ЦЕГ-ын даргаар Билэгт ажиллаж байсан.
  10. Төрийн өмчит ЭТТ ХК 800 тэрбум төгрөгийн ашиг олсон. Хэрвээ хувийн компани ажиллуулсан бол түүнээс 2 дахин орлогыг баталгаатай хийх байсан.1,6 их наяд төгрөгийн олчих бололцоотой бий шүү.