УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй холбоотой ноцтой баримтыг дэлгэлээ. Тэрбээр ЖДҮ-чин гишүүдээ бараг 100 хувийн саналаар хамгаалж үлдсэн УИХ тарах ёстой гэсэн юм. Үүн дээр УИХ-ын гишүүд ч зоригтой хөдлөх ёстой. 

Баримт 1: Энэ баримтыг олох тодорхой хэмжээнд хугацаа шаардсан ажил байлаа. Энэ бол Японы хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй шинэ нисэх онгоцны буудлын хамт баригдсан 120 тэрбум төгрөгийн нефть бүтээгдэхүүн хадгалах байгууламжийг луйврын аргаар гэрээлсэн асуудал юм. Японы талаас энэ байгууламжийг ашиглах, менежментийг хийх сонирхолгүй байгаагаа албан ёсоор илэрхийлсэн. Үүн дээр концессийн гэрээний дагуу тендер зарлах ёстой байтал шууд Содмонгол компанитай Засгийн газар гэрээлсэн байгаа юм. Уг нь Үндэсний хөгжлийн газар уралдаант шалгуураар хуулийн дагуу  тендер явуулах ёстой гэж үзэн, тогтоолын төслийг ч боловсруулсан байдаг. Засгийн газрын хэрэг эрхлэх газар ч мөн ингэж үзэн цохолттойгоор Засгийн газарт оруулсан боловч Ерөнхий сайд У.Хүрэлсүх шууд гэрээ байгуулах шийдвэр гаргасан. 

Хуулиар бол заавал сонгон шалгаруулалт зарлах ёстой. Зөвхөн үндэсний аюулгүй байдалтай холбоотой эсвэл сонгон шалгаруулалт зарлаагүй үед шууд гэрээлдэг.


Баримт 2: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамаарал бүхий этгээд Содмонгол компанийн захирал Ц.Анандбазараас 500 сая төгрөг бэлнээр авч байгаад "гардуулсан" гэсэн мэдээлэл явсан. Тухайн үед Ц.Анандбазар гадагшаа зугатаасан байдаг. Энэ мэдээлэл 7 дугаар сарын 23 буюу Содмонгол компанид шууд гэрээлсэн Засгийн газрын тогтоол шийдвэр гарсны дараа гарсан. Тэгэхээр энэ бол У.Хүрэлсүхтэй шууд холбоотой гэж үзэхээр байна.Үүнийг нотлох баримт хангалттай байгаа учраас хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ.