ЦЕГ, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын ерөнхий газраас "Шахмал түлш"-тэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Шахмал түлштэй холбоотойгоор Нийслэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа билээ. Мөн уг асуудлаар хэд хэдэн хэрэг зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаж буй. Аравдугаар сарын 22-ны буюу өнөөдрийн байдлаар 538 иргэн гаруй иргэнээс дуудлага ирж, 48 иргэн эмчилгээ хийлгэж, найман иргэн нас барсан гэдгийг албаны хүмүүс дурдлаа.

Мөн шахмал түлшний хордлогын улмаас 226 бага насны хүүхэд эмнэлэгийн яаралтай тусламж үйлчилгээ авсан гэсэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын тоон мэдээг онцлон хэлэв. Тиймээс цагдаагийн газраас онцгойлон анхаарч уг асуудлыг шалгаж байна гэлээ. Энэхүү амь насаа алдаж буй харамсалтай хэргийг таслан зогсоохоор төрийн хувийн хэвшлийн байгууллагууд өндөр анхаарал хандуулан ажиллаж эхэлсэн. Гол нь хэрэглээний буруу ойлголтоос болж эрсдэл гарсаар байна гэв.

"Сайжруулсан шахмал түлш нь өнгөгүй, үнэргүй учраас иргэд гүн хордлогод ороод байна. Нүүрс утаа харагддаг учраас хүмүүс агаар сэлгээд сэргийлдэг байсан. Гэсэн хэдий ч хүн угаартаж нас барсаар ирсэн. Бид шинэ зүйлийг хэрэглэж дасан зохицохдоо илүү хариуцлагатай байх ёстой. Тиймээс иргэдийг хэн нэгний албадлагаар бус өөрсдөө сонгон угаар мэдрэгч авч гэртээ тавихыг уриалж байна. ОХУ, Солонгос зэрэг улсын туршлагыг судлахад утаа мэдрэгч өргөн ашигладаг юм байна." гэлээ.

Өнөөдрөөс Улаанбаатар хотын өндөрлөг цэгүүдээс хяналт тавьж байна. Түүхий нүүрс хэрэглэж, утаа гаргаж байгаа яндангуудыг ажиглаж байна. Яндангаас хар утаа гарч байвал 70128012, 77775000 утсаар мэдээлэл өгөхийг уриаллаа. Иймээс ямар нэгэн байдлаар аргалж түүхий нүүрс оруулж ирэхгүй байхыг хүсэв.