Ядууралтай тэмцэх зорилгоор Нью-Йорк хотод ажилтнуудын нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 ам.долларт хүргэсэн байна.

Цалингийн шинэ хэмжээ 11 болон түүнээс олон ажилтантай бизнес эрхлэгч байгууллагуудад хамааралтай ажээ. Харин 10-аас доош тооны ажилтантай байгууллагуудын хувьд цалингийн доод хэмжээ 13.5 ам.доллар байх юм.

Нью-Йорк хотын захирагчийн албанаас мэдээлснээр, 2019 оны эцэс гэхэд ойролцоогоор 1.5 сая хүний цалингийн хэмжээ нэмэгдсэн байх ажээ.

Хотын дарга Билл де Бласио өөрийн “Твиттер” хуудастаа жиргэхдээ, энэ хотыг хэвийн үйл ажиллагаатай байлгаж буй хүмүүс хүссэн цалингаа авах хэрэгтэй гэжээ.

Хотын удирдлага хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргахад “15 ам.долларын төлөө тэмцье” хөдөлгөөн ихээхэн хувь нэмэр оруулжээ. Уг хөдөлгөөнийг түргэн хоолны газрын ажилтнууд зургаан жилийн өмнө санаачилж байсан байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/Xinhua/