Японы прокурорын газар “Nissan” компанийн захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд Renault-Nissan-Mitsubishi нэгдлийн тэргүүн асан Карлос Гоныг дахин баривчлах тушаал өгчээ.

“Киодо” агентлагийн мэдээлснээр, энэ удаа түүнийг “итгэл алдсан” гэх үндэслэлээр буруутгажээ.

Nissan сангаас 1,85 тэрбум иен буюу 16,5 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалтын алдагдлыг нөхөн төлөх хэрэгтэй холбоотойгоор түүнийг шинээр буруутгаж байгаа юм байна. Санхүүгийн хуулийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан Карлос Гоны урьдчилан саатуулах хугацааг сунгах тухай прокурорын газрын хүсэлтийг өмнө нь Японы шүүх хүчингүй болгосон юм.

Бүх орлогоо буруу мэдээлсэн гэх үндэслэлээр Карлос Гоныг өнгөрсөн сарын 19-нд баривчлан саатуулсан юм. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, РИА Новости