Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн Засаг даргын 2019 оны “Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай” 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх танилцуулав.

Албан даалгаврын хүрээнд салбарын хэмжээнд хэрэгжүүлэх ажлын 55 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулж, баталсан байна. Энэ дагуу нийтийн тээврийн үйлчилгээний газраас өдөр тутам үндсэн болон хот орчмын, шөнийн, зуслангийн гэсэн нийт 93 чиглэлд, 19 аж ахуйн нэгж, байгууллагын угсраа, их, дунд багтаамжийн 943 автобус, троллейбусны хөдөлгөөний бүртгэл, хяналт, шуурхай зохицуулалтыг хийж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна. 

Мөн “Улаанбаатар смарт карт” ХХК-иас шинэчлэн боловсруулсан журмын дагуу програм хангамжийн хөгжүүлэлтийг хийжээ. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээний талаар иргэдээс санал хүсэлт болон гомдол хүлээн авах мэдээлэл бүхий зурагт хуудасны загварыг тус газрын даргын 2019 оны А/10 дугаар тушаалаар баталж, угсраа болон их, дунд багтаамжийн автобус, троллейбуснуудын гадна, дотор талд байрлуулах ажлыг зохион байгуулж байна. 

Мөн автобусны зорчигч, урсгал эрэлтийн судалгаанд үндэслэн богино эргэлтийн болон экспресс чиглэл нээж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж, энэ сарын 20-ны өдрөөс эхлүүлэхээр ажиллаж байгаа хэмээн нийтийн Тээврийн үйлчилгээний газрын дарга Х.Булгаа мэдээлсэн юм.

Энэ дагуу хийж хэрэгжүүлж буй ажлуудыг улам ахицтай урагшлуулж, бодит үр дүнд хүргэн, өөр цаашид ямар ажил хийх ёстойг хөндлөнгийн судалгааны байгууллагаар гаргуулж ажиллахыг хотын Захирагч үүрэг болголоо.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс