Бид олон нийтийн бие засах газар ариун цэврийн цаас, эсвэл зориулалтын цаас дэвсэж бие засдаг. Гэтэл эрдэмтдийн хэлж буйгаар энэ нь тун буруу ажээ. “Huffington Post”-д өгүүлснээр жорлонгийн суултуур дээр нян тогтохгүй байх үүднээс гулгамтгай гадаргуутай хийдэг аж. Тиймээс айх аюулгүй. 

Харин ус татах үед нян агаарт хөөрч хаалганы бариул, усны татуурга, хогийн сав тэр дундаа ариун цэврийн цаасан дээр хамгийн их наалддаг байна. Ариун цэврийн цаас хөвөн материалтай учир ийн нян татдаг гэв. Ус татах үед нян агаарт хөөрөхдөө гоожуурын цорго, гар хатаагч, гарын цаас гэхчлэн өрөөгөөр нэг тардаг. Харин салхиар хүчтэй үлээдэг гар хатаагч гаранд тогтсон нянг зайлуулах чадалтай байдаг ажээ. Тиймээс мэргэжилтнүүд нийтийн жорлон хэрэглэхдээ биедээ авч явдаг цаас дэвсэх, түүгээр арчиж ашиглахыг зөвлөв. 

Түүнчлэн бэлгийн замаар дамжих халдварт өвчин биеээс салаад 10 секундын дараа устдаг тухай Нью-Йоркийн их сургуулийн доктор, профессор Филипп Тиэрно хэлжээ. Өвчтэй хүнээс гадагшилсан шингэн шарханд хүрээгүй л бол ДОХ, Зика зэргээр өвчлөхгүй. Түүнчлэн өмдөө татаж, гарахад бэлэн болсны дараа л усаа татахыг тэрбээр зөвлөлөө. Нэн ялангуяа жорлон дээр сууж байхдаа усаа татах нь дэмий зүйл аж. Доктор Филиппийн зөвлөсөн олон нийтийн ариун цэврийн өрөө ашиглах дараах алхмуудыг хэрэгжүүлбэл өвчин авах магадлал тун бага гэв.

Нэгдүгээрт, гараа угаах хүртлээ хамар, ам, нүд, ил шархыг гараараа бүү оролд. Нян ийм замаар биед орж, өвчлүүлдэг. Хоёрдугаарт, гараа заавал угаа. Хэчнээн цэвэр жорлон ашигласан ч гараа зайлшгүй 20 секунд угаах хэрэгтэй. Хумсаа ч мөн орхиж болохгүй. Гуравдугаарт, угаасан гараараа бие засах газрын хаалганы бариул, гоожуурыг барих хэрэггүй. Гарын цаасаар жийрэглэж хааж, нээх нь зүйтэй. Эцэст нь, мэдрэмжээ дагаарай. Таныг өвчлүүлэхгүй байлаа гээд бохир байж болно гэсэн үг биш. Тиймээс үнэхээр тааламжгүй санагдвал ашиглах шаардлагагүй.