НИТХ энэ өдрүүдэд ирэх оны төсвөө хэлэлцэж байна. Ирэх жилийн төсвийн төслийг боловсруулахдаа төрөөс хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд ирэх онд татварын ачааллыг нэмэгдүүлэхгүй, тогтвортой байлгах бодлогыг баримталжээ. Гэхдээ энэ бол тэдний амнаас гарч буй үг. Яг бодит байдал дээр төсвийн орлогын 83.4 хувь буюу 835.1 тэрбум төгрөгийг татвараас бүрдүүлэхээр болжээ. Үндсэндээ иргэдийнхээ халаасыг тэмтэрсэн бодлого гэсэн үг. 

Энэ бол машины зогсоол олдохгүйгээс хэдхэн минут боломжийн газар орхиод ирсний төлөөх торгууль, зоогийн газар, баар, ресторан, амралтын газраар үйлчлүүлсэн иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн дүнд төлж буй хотын иргэний нэг хувийн татвар зэрэг юм. Өөрөөр хэлбэл, нийслэлчүүд бидний халааснаас гарах зардал хотын төсвийг жилээс жилд зузаатгаж буй. Энэ жилийн хувьд хүү торгуулиас олох орлогыг 25 тэрбум төгрөг гэж тооцсон байна. 5 жилийн өмнө энэ дүн 2,3 тэрбум байсныг тухайн үеийн НИТХ-ын МАН-ын бүлгийнхэн шүүмжилж байлаа. Гэтэл өнөөдөр өөрсдөө олонх болсон ч байдал өөрчлөгдсөнгүйгээр барахгүй хүү торгуулиас олох орлого 10 дахин өссөн дүнг батлах нь. 

Хотын төсвийн халаасыг хамгийн их тэмтэрдэг, толгойны өвчин болдог асуудал нь нийтийн тээврийн асуудал. Энэ жил нийслэлийн төсвийн зарлагыг боловсруулахдаа 33.4 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах олговорт, 73.4 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн үйлчилгээний эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн машин цагийн тариф болон сэлгэн суултын зардалд, 7.7 тэрбум төгрөгийг 2018 оны өр төлбөрт олгохоор тусгажээ.

Хот олсон орлогынхоо цөөнгүй хувийг ийнхүү нийтийн тээвэрт зарцуулсаар ирсэн. Гэтэл бодит байдал дээр нийтийн тээвэр сэхэл авдаггүй. Үйлчилгээ нь өнөө л шороо тоостой хэвээрээ, ашигтай чиглэлд булаацалдсан автобусны компаниуд нь маршрутаа сунгадаггүй, гэр хорооолол руу явах хүсэлтийг илгээхэд гэдийсээр өнөөг хүрсэн гэдгийг хотын дарга хэлэв.

Төсөвт хамгийн үрэлгэн бөгөөд гамгүй хандаж байгаа хэд хэдэн асуудал бий. Үүний нэг нь орон нутгийн өмчит газрууд юм. Нийслэлийн аудитын газрын шалгалтаар гэхэд энэ төрлийн газрууд ашиг орлого тааруухан ч их хэмжээний татаас авдаг нь илэрсэн. Тухайлбал Сонгинохайрхан амралт цогцолборын газар орон нутгийн өмчит үйлдвэрийн газар гэхэд нийслэлийн төсвөөс 77,2 сая төгрөгийн санхүүжилт авдаг ч жилийн орлого нь 8 сая төгрөг байдаг гэнэ. 

Уг нь энэ төв 4 жилийн өмнө СХД-ийн 21 дүгээр хороонд байрлах Ар гүнтийн Цагаан бургастайн аманд байгуулагдсан юм. Нийт 10 гэртэй 80 хүн хүлээн авах хүчин чадалтай хүлээн авалтын танхимтай хэдий ч үйл ажиллагаа нь иймэрхүү байдлаар явж ирж. Гэхдээ энэ бол орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын ашиггүй ажиллаж байгаагийн ганцхан жишээ. Энэ мэтээр нийслэлийн төсвөөр тэтгүүлдэг, иргэдийн халаас тэмтэрсэн газрууд цөөнгүй байгааг анхаарах цаг нь болжээ.

Өнгөрсөн онд 32 орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд үйл ажиллагаа явуулснаас 20 нь орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газар, 12 нь төсөвт үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулжээ. Эдгээр аж ахуй нэгж нийт 246.4 тэрбум төгрөгийн орлого олж, 260.6 тэрбум төгрөгийн зардал гарган 16.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Бараг ашиггүй шахам ажиллаж буйг энэ дүн өлхөн батална.

Цаашид ядахдаа л ашиггүй, бага ашигтай ажиллаж байгаа нийслэлийн өмчит  газруудын менежментийг сайжруулах, үйл ажиллагааг нь шалгаж цэгцэнд нь оруулмаар байна. Ядаж ашигтай ажиллаж чадсан байгууллагыг урамшуулдаг байдлаар тогтолцоог цаашид бий болгохгүй бол хэдий болтол хотын иргэдийн халаасыг тэмтрэх вэ хотын даргаа.