Коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Сүүлийн 24 цагт нийт 12.703 хүнд PCR шинжилгээ хийснээс 11 хүнд коронавирус илэрчээ. Эдгээр тохиолдлууд нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна. Сүхбаатар дүүргийн нэг болон тавдугаар хороонд өргөжүүлсэн тандалт хийх явцад хоёр хүнээс коронавирус илэрсэн байна. 

Улаанбаатараас Ховд аймаг руу явсан нийтийн тээврийн автобусны 41 зорчигчоос Дарви сумын постон дээр түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад 2 зорчигчийн хариу эерэг гарсан. Улмаар PCR шинжилгээ авахад тухайн 2 зорчигчоос  коронавирус илэрсэн байна. Дээрх зорчигчдын хувьд энэ сарын 23-нд Улаанбаатар хотод PCR шинжилгээ өгч, 24-нд хариу нь сөрөг гарсан байжээ. Дээрх 41 зорчигчийг одоогоор Дарви суманд тусгаарласан байгаа бөгөөд маргааш тусгай үүргийн онгоцоор нийслэлд авчрах чиглэлийг УОК-оос аймгийн онцгой комисст өгсөн байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн нийт 1.667 тохиолдод батлагдсанаас 1.236 буюу 74.1 хувь нь эдгэрсэн байна. Өчигдөр 25 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарчээ. Одоо 418 хүн эмчлэгдэж буйгаас биеийн байдал нь маш хүнд 1, хүнд 3, хүндэвтэр 52, хөнгөн 362 хүн байна.

Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн нэг, 5 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн нэг, 15 дугаар хороо, Хан-Уул дүүргийн дөрөв болон 15 дугаар хороонд өвчлөл шинээр бүртгэгдсэн байна. 

Одоогийн байдлаар Баянзүрх болон Баянгол дүүргийн голомт идэвхитэй хэвээрээ байгаа аж.