Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулгаж шинээр барих болон төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааны талаар Хот байгуулалт, хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн н.Золжаргал "Одоогийн байдлаар Улаанбаатар хотод ашиглагдаж буй нийт 3895 орон сууцны барилга байна. Эдгээрээс 1240 нь 2000 оноос өмнө баригдсан бөгөөд 629 орон сууцанд нь барилгын чанар, дүгнэлтийн хэмжилт хийсэн. Хэмжилт хийсэн орон сууцнуудаас 349 нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан. 

Тус дүгнэлтийг үндэслээд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 4 удаагийн шийдвэрээр 234 орон сууцны ашиглалтыг хориглосон. Эдгээрт хүн амьдрах, үйлчилгээ явуулах боломжгүй гэсэн Мэргэжлийн хяналтын шийдвэр гарсны дагуу оршин суугчдаас журмын дагуу бид санал авдаг.

Нийт оршин суугчдын 80-аас дээш хувь нь дахин барилгажилтыг дэмжсэн тохиолдолд Нийслэлийн Засаг дарга Дахин барилгажуулах шийдвэр гаргадаг. Одоогоор Засаг даргын 15 удаагийн захирамжаар 162 орон сууцны барилгыг буулгаж шинээр барих, дахин барилгажуулах ажил үргэлжилж байна. 

Эдгээр барилгуудыг ерөнхий төлөвлөгөөний дагуу 66 багц болгон хуваагаад сонгон шалгаруулалт зарласан. Одоо 29 багцын 75 барилга дээр төсөл хэрэгжүүлэгч нь шалгараад үйл ажиллагаа нь явж байна. 37 багцын 83 орон сууцанд төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалт зарлагдсан байгаа. 

Уг ажил 2015 онд эхэлсэн бөгөөд 2019 оны 10 дугаар сарын байдлаар нийт 531 айлын 27 орон сууцны барилгыг буулгасан, 875 айлын 9 орон сууцыг ашиглалтад оруулсан" хэмээн мэдээллээ.

Ашиглахыг хориглосон барилгыг дүүрэг тус бүрээр нь ангилсан болон сонгон шалгаруулалт зарласан байдлыг хүргэж байна.

-Хан-Уул дүүрэгт ашиглалтын шаардлага хангахгүй 42 барилга буйгаас 24-ийнх нь төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгарсан, 10 барилга дээр сонгон шалгаруулалт зарлаж байна. 

-Баянгол дүүрэгт ашиглалтын шаардлага хангахгүй 52 барилга буйгаас 31-ийнх нь төсөл хэрэгжиж эхэлсэн, 17 орон сууцанд сонгон шалгаруулалт зарласан.

-Баянзүрх дүүрэгт ашиглахыг хориглосон 50 орон сууц буйгаас 14 барилга дээр төсөл хэрэгжүүлэгч шалгарсан, 21 барилга дээр сонгон шалгаруулалт зарласан.

-Сонгинохайрхан дүүрэгт 32 орон сууцны барилгыг нурааж, дахин барилгажуулахаас төсөл хэрэгжиж эхэлсэн барилга алга. 17 орон сууцанд сонгон шалгаруулалт зарласан. 

-Сүхбаатар дүүрэгт ашиглахыг хориглосон 25 барилга буйгаас 3 орон сууцанд төсөл хэрэгжүүлэгч шалгарсан, 11 барилгад сонгон шалгаруулалт зарласан.

-Чингэлтэй дүүрэгт 14 барилга ашиглах боломжгүй гэж шийдвэрлэснээс 3 орон сууцанд төсөл хэрэгжүүлэгч шалгарсан, 1 барилгад сонгон шалгаруулалт зарласан.

-Налайх дүүрэгт нийт 21 барилгыг ашиглах боломжгүй гэж шийдвэрлэснээс төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан компани байхгүй. Зургаан барилгад сонгон шалгаруулалт зарласан байна.