Нийслэлийн онцгой байдал болон Эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Шинэ коронавирусийн халдвараас урьдчилсан сэргийлэх эргүүл" нэгдсэн арга хэмжээ өнөөдрөөс эхэллээ. 

Нийслэлийн онцгой комиссын 4 дүгээр хуралдаанаас өгсөн үүргий дагуу эхний ээлжид нийслэлийн нутгийн захиргааны 71 байгууллагын 6700 албан хаагч, үүн дээр дүүргүүдийнхийг нэмэгдүүлж, нийт 15.000 орчим албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдлыг дуустал буюу 2020 оны 4 дүгээр сарын 01-нийг хүртэл хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэн ажиллана.


Эргүүлийн үүрэг: Иргэдэд дараах зөвлөгөөг өгч, шаардлага тавина.

  • Нус, цэр, шүлсээ хаяхгүй байж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх
  • Хог хаягдлаар орчноо бохирдуулахгүй байх
  • Ил задгай бие засахгүй байж, соёлч байхыг уриалах
  • Иргэдэд маск зүүлгэж хэвшүүлэх талаар шаардлага тавих
  • Иргэдэд сэрэмжлүүлэх зөвлөмж тараах, зөвлөгөө өгөх
  • Олон нийтийн худалдааны төв, захуудад чанга яригч ашиглан сэрэмжлүүлэг хүргэж ажиллахыг зөвлөнө.

Мөн нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй бүх аж ахуйн нэгж байгууллага 50 метр хүртэлх газрын цас, мөс, хог хаягдлыг цэвэрлэх, ариун цэврийн өрөөгөө үнэ төлбөргүй ашиглуулахыг Хотын дарга үүрэг болгосон. 

Эргүүлээр ажиллаж буй албан хаагчид "эргүүл" гэсэн бичигтэй нэгдсэн тэмдэг зүүж, иргэдэд шаардлага тавина. Эргүүлүүд иргэдэд торгууль, шийтгэл ноогдуулахгүй. 

Зөрчлийн тухай болон Эрүүл ахуй, аюулгүй байдлын тухай хуулийн дагуу цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын албан хаагчид зөрчил гаргасан иргэнд торгууль, шийтгэл ноогдуулна. 

Маскаа зүүсэн, олон нийтийн газарт биеэ зөв авч явж буй иргэдэд мэдээж шаардлага тавихгүй. Маск зүүгээгүй бол зөвлөнө, анхааруулна" хэмээн мэдэгдлээ.