Монгол Улсын Засгийн газраас  Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. 

 Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд олон нийтэд мэдээлэх, тайлбарлах, сурталчлах зорилгоор 26 удаагийн сургалт зохион байгуулж 468 иргэн, 113 аж ахуйн нэгж, байгууллага, 138 хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч, зохион байгуулагчдийг хамруулаад байгаа аж.

Мөн түүхий нүүрсний хэрэглээг хориглох талаар аж ахуй нэгж иргэдэд 927 мэдэгдэл, албан шаардлага хүргүүлжээ. 

Өчигдрөөс Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоод болон хот руу нэвтэрч болзошгүй бусад замууд дээр зөөврийн хяналтын цэгүүдийг нэмж байрлуулан, Цагдаагийн байгууллагатай хамтарч 24 цагаар нүүрсний хяналт шалгалт хийж эхлэсэн байна.

Иймээс Засгийн газрын тогтоолын зөрчиж түүхий нүүрс түлэх, тээвэрлэх, худалдан борлуулах, хэрэглэх зэрэг аливаа бүх үйл ажиллагааг хориглож буй. Хэрэв тогтоол зөрчин үйл ажиллагаа явуулсан бол Зөрчлийн тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хариуцлага тооцож иргэнийг 25-300 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагыг 250 мянган төгрөгөөс 3 сая төгрөгөөр торгож, үйл ажиллагааг зогсоох ажээ.