Нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбоотой асуудлаар Нийслэлийн сонгуулийн хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд "Сонгуулийн бэлтгэл ажлыг хийгээд явж байна. Нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцох нэр дэвшигчдийн үнэмлэхийг өчигдөр гардуулсан. 

Дүүргийн ИТХ-ын сонгуульд:

  • Багануур дүүрэгт 17 мандатын төлөө АН, МАН-аас нийт 34 хүн
  • Багахангай дүүрэгт 17 мандатын төлөө АН, МАХН, МАН-аас нийт 36 хүн
  • Баянгол дүүрэгт 41 мандатын төлөө ХҮН, АН, МАН, МАХН
  • Баянзүрх дүүрэгт 43 мандатын төлөө нэг бие даагч болон ХҮН, МАН, ШИНЭ, АН, 
  • Налайх дүүрэгт 25 мандатын төлөө МАН, АН, МАХН, ШИНЭ
  • Сонгинохайрхан дүүрэгт 43 мандатын төлөө ХҮН, ШИНН, АН, МАН, МАХН
  • Сүхбаатар дүүрэгт 35 мандатын төлөө ХҮН, ШИНЭ, АН, МАН, МАХН гэсэн 5 нам болон 2 бие даагч
  • Чингэлтэй дүүрэгт 35 мандатын төлөө АН, МАН, ХҮН
  • Хан-Уул дүүрэгт 35 мандатын төлөө АН, МАН, МНН, МАХН, ХҮН-аас нэр дэвшиж байна.

Нийслэлд 45 мандатын төлөө зургаан нам, эвсэл /МАН, АН, МНН, МАХН, Сахигтун! Үндсэн хуулийн эвсэл, Дэлхийн монголчууд эвсэл/,  хоёр бие даагч буюу нийт 104 нэр дэвшигч өрсөлдөж байна. 

2020 оны нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд нийт 800 нэр дэвшигч бүртгэгдэж, сурталчилгаагаа эхлүүлсэн" хэмээлээ.

Хөдөлмөрийн үндэсний намын нэр дэвшигчтэй холбоотой нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байна. Энэ асуудлаар нийслэлийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Б.Амартүвшин танилцууллаа.

Тэрбээр “Нийслэлийн Сонгуулийн хорооний 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор Хөдөлмөрийн үндэсний намын 27 нэр дэвшигчийг бүртгэсэн. Үүнтэй холбоотойгоор иргэн н.Бямбадэлгэр нарын нэхэмжлэлтэйгээр Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр гомдол гарсан. 

Тус гомдлын дагуу 2020 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн хуралдаанаас шүүгчийн захирамж албан ёсоор нийслэлийн Сонгуулийн хороонд ирлээ. 2020 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 7337 шүүгийн захирамжаар нийслэлийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/21 дугаар тогтоол буюу Хөдөлмөрийн үндэсний намын 27 нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрийг түдгэлзүүлсэн байгаа. Түдгэлзүүлсэн шийдвэртэй холбоотойгоор нийслэлийн Сонгуулийн хороо Хөдөлмөрийн намтай холбоотой аливаа үйл ажиллагаа явагдахгүй” хэмээлээ.