Focus on the Family Mongolia-Гэр бүл Анхаарлын Төвд Байгууллагын тэргүүн клиник сэтгэл зүйч, сэтгэл засалч Т.Хонгорзултай сэтгэл гутрал, сэтгэл шаналах эмгэгийн талаар ярилцлаа.

-Хүний зан араншингийн онцлог сэтгэл гутралд ороход нөлөөлөх үү? 

-Тодорхой хэмжээнд нөлөөлдөг. Дотогшоогоо чиглэсэн буюу интроверт хүмүүс хямралаа дотроо хадгалаад зовох магадлалтай. Харин гадагшаагаа чиглэсэн буюу экстоверт хүмүүс юу бодож санаж байгаагаа илэрхийлж байж тайвширдаг.

Хүмүүст итгэдэггүй төрлийн хүмүүс өөрийнхөө дотор бодож мэдэрч байгаа зүйлээ хав дарчихдаг. Тэр хэрээрээ илүү их санаа сэтгэлээр унадаг. 


-Гэтэл эрч хүч дүүрэн, амьдралд хайртай нэгэн харагдаж байвч яагаад амиа хорлочихсон байдаг шүү дээ. Үүний цаад шалтгаан юу вэ?

-Зарим хүн дотоод мэдрэмжээ тас нуудаг. Ганцаардмал хэрнээ ганцаардаагүй мэт олон хүмүүстэй яриа хөөрөөтэй, цоглог, аз жаргалтай нэгэн мэт харагдана. Гэвч амиа хорлочихдог. Энэ нь дотоод мэдрэмжээ нуух хэлбэр юм.Тиймээс хүний мөн чанарыг зөвхөн гадаад харагдаж байгаа ил хэсгээр нь бус дотоод мөн чанарыг нь ойлгож таньж мэдэх нь чухал байдаг.


- Сэтгэл гутрал, сэтгэл түгшүүр хоёрыг хэрхэн ялгах вэ?

-Хоёулаа хүний сэтгэн бодох чадвар, сэтгэл хөдлөлийн чадвар болоод зан байдалд сөрөг нөлөөллийг авчирдаг. Гол ялгарах шинж тэмдгүүд бий. Жишээ сэтгэл гутралын үед

Хоолны дуршил буурах буюу нэмэгдэх

Нойрны хэм алдагдах

Өөрийгөө нийгмээс тусгаарлах

Дуртай зүйлдээ дургүй болох буюу юм хийх хүсэлгүй болох

Амиа хорлох тухай бодох

Ядарч сульдах ба эрч хүчгүй болох

Өөрийгөө гэмтээх буюу эрсдэлтэй зан үйлдэл хийх

Амьдрах итгэл урам зориггүй болох

Юманд төвлөрч чадахгүй болох

Дээрх шинж тэмдгүүдээс 5 нь 2 долоо хоног үргэлжилсэн тохиолдолд мэргэжлийн сэтгэцийн эмчид хандах хэрэгтэй.

 Сэтгэл түгшүүрийн шинж тэмдэг:

♣Байнга ингэх вий, тэгэх вий гэдэгт хий хоосон зүйлд санаа зовох

♣Зүрх түргэн цохилох, гар хөлрөх, цээж давчдах, хоолойд юм тээглэх, ходоод гэдэс хямрах гээд илүү биеийн аль нэг хэсэг өвдөж эхэлдэг

♣паникт орох буюу сандрах

♣Нойрны хэм алдагдах

♣Донтуулах зан үйлдэл хийх

♣Толгойд байнга сөрөг бодлууд орж ирэх улмаар төвлөрч чадахгүй болох

♣Өөртөө байнга онош тавьж өөрийгөө эмчлэх

Танд эдгээр шинж байгаа бол сэтгэцийн эмчид хандах хэрэгтэй. Сэтгэл гутрал болоод сэтгэл түгшүүр хоёуланд нь сэтгэц заслын эмчилгээ шаардлагатай байдаг. Ийм үед өөрийгөө оношилж эмчилгээ хийхээс илүүтэй мэргэжлийн хүмүүст хандахыг мэргэжлийн хүмүүс зөвлөдөг.

-Сэтгэл зүйн хувьд эрүүл хүн гэдгээ ямар шалгуураар мэдэх боломжтой вэ?

Сэтгэл зүйн хувьд эрүүл эсвэл эрүүл бус хүн гэж шууд тодорхойлох нь тухайн хүн өөрийгөө бүхэлд нь сөргөөр харж “би өвчтэй солиотой юм байна” гэж итгэн үнэмшихэд хүргэх аюултай.

Улмаар би ч өнгөрсөн хүн юм байна гэж өөрийгөө дүгнэх эрсдэлтэй.  Арай өөрөөр тодорхойлох арга бий. 

Нэгдүгээрт, сэтгэн бодох чадвар, анхаарал төвлөрлийг, аливааг шүүн тунгааж шийдвэр гаргах чадвар, ой тогтоолт хэр байгааг 

Хоёрдугаарт, сэтгэл хөдлөлийн чадвар ямар байгааг ажигладаг. Үүнд сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлж зохицуулж, хэр их урам зориг хүсэл тэмүүлэлтэй, бусдын сэтгэл хөдлөлд хэрхэн хариулж байгааг

Гуравдугаарт, зан байдлаа хэр зохицуулж байгааг нь хардаг. Тухайлбал хангалттай унтаж амарч байгаа эсэх, өөртөө болоод бусдад хохиролтой зан үйлдэл хийдэг эсэх, аливаа донтуулах зан үйлдэл хийж байгаа эсэх, хариуцлага үүрэх чадварыг

Дөрөвдүгээрт, харилцааны ур чадвар болох бусадтай ойр дотно, тогтвортой харилцааг үүсгэж, бусдад итгэж найдан өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг хуваалцдаг эсэхийг

Тавдугаарт, стрессийг даван туулах чадварыг ажиглана. Стрессийг дор бүр нь эрүүл арга замаар даван туулдаг эсэх зэрэг үзүүлэлтүүд дээр өдөр тутмын үйл ажиллагаанд хэрхэн оролцож байгаагаар тодорхойлдог.


-Тэгвэл аливаад үргэлж сэтгэл түгшиж явдаг хүмүүс байдаг. Энэ нь ямар сөрөг үр дагавартай. Нэг төрлийн сэтгэл зүйн эмгэг мөн үү? 

-Хүн дотроо ямар нэгэн зүйлээс айж санаа зовних үедээ өөрт нь ямар нэгэн муу зүйл тохиолдох юм шиг төсөөлдөг. Энэ үедээ үүнээс зайлсхийх оролдлого хийдэг тал бий. 

Тухайлбал ээжүүд хүүхдээ өвдчих вий гэсэн айдсаас болоод олон нийтээс тусгаарладаг. Эсвэл вирусийн халдвар авчих вий гэхээс айж байнга гараа угааж, шинжилгээнд хамрагддаг. Мөн машин болон гэрээ цоожилсон эсэхээ дахин дахин шалгадаг ньсэтгэлийн түгших өвчний илрэл юм. 

Эдгээр айдас санаа зовнил нь дотоод шалтгаантай байдаг. 

Чухам юунаас үүсэж байгааг оношлох чухал. Эмчлэхгүй бол энэ нь тухайн хүний танин мэдэхүй, сэтгэл хөдлөл, үйлдэл нийгмийн харилцаа гээд бүх хэсэгт нөлөөлж эхэлдэг. Сэтгэлийн өвчин шаналал нь яваандаа бие махбодийн өвчин шаналал болж илэрдэг.


-Тоохгүй эмчлүүлэхгүй явбал ямар хор нөлөөтэй вэ?

-Хүн мэдэрч байгаа мэдрэмжээ дарах, үгүйсгэж үл ойшоож болдоггүй. Ингэх тусам хүнийг бүхэлд нь яг л идээ бээр мэт үрэвслүүлдэг, улам л хөндүүр болгон өвчлүүлдэг. Өвчин даамжирч хорт хавдрын шатанд орохтой адил хэмжээнд нөлөөлнө. 

Хөндүүр мэдрэмжээ дарах үед бүр ч ихээр өвдөнө, уурлаж уцаарлана, бусад руу дайрч давшилах зэрэг шинж тэмдэг илэрдэг. 

Удах тусам улам хүндэрч сүүлдээ тэр хүний амьдралын чанарт нөлөөлж ямар ч амьдрах урам итгэлгүй болгодог.

 

-Сэтгэл эрүүл бол бие эрүүл гэдэг. Сэтгэл өвдсөн дагаад хүний бие эрхтэн өвчлөх үү?

-Сүүлийн жилүүдэд сэтгэл зүйгээс үүдэн бие зовуурлах эмгэгүүд нэмэгдсэн. Шинжилгээний үзүүлэлтээр ямар нэгэн өвчингүй гэж гардаг бие нь зовуурлаад байдаг. Энэ тохиоолдолд яахаа мэддэггүй, олон эмнэлэгт хандаж эмчилгээ хийлгээд сайжирдаггүй. 

Сэтгэл зүйд тохиолдсон асуудлаа ямар нэгэн шашны зан үйл юм уу бясалгалаар сэтгэлээ засах гэж оролдоод хугацаа алдаж байна.  Хамгийн сүүлд нь буюу хүндэрсэн хойно л сэтгэл зүйчид ханддаг. 

Сэтгэл түгшүүр, сэтгэл гутралын үед голдуу нойрны хэм алдагдаж улмаар анхаарал төвлөрөхгүй. Ядарч сульдсан, амьдрах хүсэл зоригоо алдсан байдаг. 

Хүмүүс гаднаас нь харахад цоо эрүүл саруул, амьдрал нь дутах зүйл байхгүй, бүх зүйл сайхан байхад юундаа ингэж урвайж гуниглаад л гаднаас нь дүгнэдэг. Яг үнэндээ сэтгэлд нь юу болоод байгааг ойлгож хүлээж авдаггүй улмаар хугацаа алдаж хүндрүүлдэг. Зөвлөгөө буюу засалд явснаар дотроосоо анагаагдаж гадаад өөрчлөлтүүд гарч улмаар эргээд өдөр тутмынхаа амьдралд хэвийн оролцож аз жаргалыг мэдэрч чаддаг.


-Нийгмийн сүлжээнээс улбаатай сэтгэл гутрал гэж бий болсон гэж дуулсан. Бусадтай өөрийгөө харьцуулах өвчин гэх юм уу. Аль насныхан энэ хямралд өртдөг вэ?

-Хүнийг сэтгэл гутралд хүргэдэг гол хүчин зүйлүүдэд ганцаардал, хэн нэгэнд үл тоогдох, хаягдах, гологдох, бүтэлгүйтэх гэсэн мэдрэмжүүд байдаг. 

Энэ мэдрэмждээ хөтлөгдөж өөрийн үнэ цэнээ алдагдаж, өөрийгөө голох эсвэл буруутгах, өөртөө итгэлгүй болох, өөрийгөө хангалттай сайн биш гэсэн мэдрэмж үүсдэг. 

Нийгмийн сүлжээнд хүмүүс хооронд харилцаа холбоо тогтоож байгаа нь сайн ч цаанаа мөн бусдад үл тоогдох, үл үнэлэгдэх, гологдох, ганцаардах мэдрэмжүүдийг бий болгож байна. Тухайлбал хэн нэгэнд хариу өгөхгүй seen-дэх, Ghost-хийх, block хийх, unfriend хийх үйлдлүүд нь тухайн хүнд эдгээр мэдрэмжүүдийг үүсгэж сэтгэл санаанд муугаар нөлөөлнө гэсэн үг юм. Жишээ нь олон like, share авч чадахгүй үед өөрийгөө голох, харьцуулах, голох мэдрэмж төрдөг нь нэг төрлийн сэтгэл зүйн эмгэг.

Хэдийгээр энэ нь бүх насныханд адилхан тохиолдож болох ч өсвөр насныханд илүү тохиолдох магадлалтай. Энэ насныхан өөрийгөө олохын тулд олны танил юмуу үлгэр жишээ хүмүүсийг даган дуурайн бусадтай өөрийгөө харьцуулж сэтгэлээр унах магадлалтай байдаг. Нийгмийн сүлжээнд таны өөрийгөө үнэлэх үнэлэмжид муугаар нөлөөлдөг хүмүүсийг бүү дагаарай. Мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө авч ч болно.


-Нэг үеэ бодвол хүмүүс сэтгэл зүйчид ханддаг болсон. Сэтгэл заслын талаар ташаа ойлголт цөөнгүй байдаг. Энэ тал дээр онцлон хэлэх хариулт бий юу?

-Сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл засал нь тусдаа, ялгаатай зүйл.

Хэрвээ тухайн хүн өдөр тутмын амьдралд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж стресст орсон бол үүнийг сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай үе гэж тодорхойлдог. Үүнийгээ тайлж чадахгүй байгаа тохиолдолд сэтгэл зүйчид хандах буюу сэтгэл зүйн зөвлөгөө авч шийдвэрлэдэг. 

Хэрвээ эмчилгээнд явахгүй удвал бие шалтгаангүй өвдөж зовуурлах, донтох зан үйлд автах, амиа хорлох эрсдэл нэмэгдэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зэрэг эрсдлүүд нэмэгддэг. 

Аливаа сэтгэцийн эмгэг буюу өвчин бүрэн арилахгүй ч гэсэн сайжрах бүрэн боломжтой. Тэр хэрээрээ тухайн хүний амьдралын чанар дээшилдэг. Сэтгэл заслын эмчилгээнд явснаар зан үйлдлээ ухамсарлах, юунаас болоод ингэж их санаа зовоод сэтгэл шаналж гутраад байгаа шалтгаанаа олж ухаардаг. Энэ үед өөрийнхөө сэтгэл хөдлөлийг мэдэрч ойлгон улмаар сэтгэл хөдлөлөө зохицуулах чадвартай болдог.


-Сэтгэл гутралд орохгүй байх хамгийн энгийн аргыг зөвлөхгүй юу?

-Хамгийн түрүүнд өөрийнхөө сэтгэл зүйг ажиглаж сураарай. Танд төрж байгаа мэдрэмжийг хүлээн зөвшөөрч үүнийг илэрхийлэн гаргах нь чухал. Өөрийг чинь шүүмжилж буруутгадаггүй хэн нэгэнд дотроо уудлан уужрах нь таны сэтгэцийн эрүүл мэндэд тустай.

Ойр дотны хэн нэгэн хүнээ алдах, хайртай хүнээсээ хагацах буюу салах, ойр дотны хүмүүстэйгээ үл ойлголцох буюу муудалцах үе цөөнгүй байдаг. Тиймээс энэ үед төрж буй сэтгэл хөдлөлөө илэрхийлж сураарай. Гашуудаж уйлмаар байгаа бол уйлж дотроо онгойлгож байгаарай.

Таныг гэсэн нэг л хүн таны амьдралд байх үед сэтгэлээр унахгүй, хүнд хэцүү үеийг давах, итгэл найдвараа алдахаас сэргийлдэг. Сэтгэл зүйн хэрэгцээ зөвхөн харилцаанд л хангагддаг. 

Үнэхээр амьдрах итгэл найдваргүй болсон мэт санагдаж байгаа бол та заавал мэргэжлийн сэтгэл засалчид хандаарай. Хонгилын үзүүрт гэрэл тусч та илүү баяр баясал аз жаргалыг мэдэрч чадна!. Ямар ч гарц харагдахгүй байвч та гарцыг заавал олж чадна!