“Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төсөлд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох зорилт тусгагдсан.

Энэ хүрээнд ХНХЯ нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, иргэдэд төрөөс үзүүлж буй халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг түргэн шуурхай хүргэх, мэдээллийн ил тод байдлыг хангах, төрд байгаа иргэний мэдээллийг тухайн иргэнээс шаардахгүйгээр нийгмийн халамжийн үйлчилгээ, арга хэмжээнд хамруулах техник технологийг нэвтрүүлэх зорилгоор “Нийгмийн халамжийн нэгдсэн систем”-ийг хөгжүүлэх ажлыг хийж байна.

Системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх ажлыг Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв хамтран хэрэгжүүлж байна.


Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулах зорилго дэвшүүлсэн. Зургаан хуулийн дагуу олгож байгаа 12 үйлчилгээний төрөлд 1.5 сая хүн хамрагддаг. Үүнээс дөрвөн үйлчилгээг Ehalamj цахим хуудсаар авах боломжийг бүрдүүлж байна. Тэтгэмжийг ehalamj цахим хуудсаас гадна ТҮЦ машинаар авах боломжтой. Энэ системийг нэвтрүүлснээр 39 төрлийн материалыг бүрдүүлэхгүйгээр мэдээллийн сангаас авах боломжийг бүрдүүлж байгаа юм. 

Өөрөөр хэлбэл, “Нийгмийн халамжийн нэгдсэн систем” нэвтэрснээр тухайн иргэн ehalamj.mn, ТҮЦ машин, ebarimt аппликейшн ашиглан халамжид хамрагдах хүсэлтээ гаргах, өргөдөл, хүсэлт нь хэрхэн шийдвэрлэгдэж байгаад хяналт тавих боломжтой. Тухайлбал 450 орчим мянган иргэн эхний ээлжид “Насны хишиг”, жирэмсэн эхийн, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны, ихэр хүүхдийн, өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийн мөнгөө цахим системээр дамжуулан авна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд Төрийн банк тэтгэврийн насны ахмадуудад банкны карт үнэгүй олгох, АТМ-аар үйлчлүүлэхэд шимтгэлгүй болгож байгаа.

Цахимд шилжиж буй үйлчилгээнүүд:

  • Насны хишиг
  • Жирэмсэн эхийн тэтгэмж
  • 0-3 насны хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж
  • Ихэр хүүхдийн тэтгэмж
  • Одонтой ээж,
  • Өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжийг иргэд заавал банкинд, Халамж үйлчилгээний хэлтэст очих шаардлагагүйгээр дансаараа шилжүүлж авах боломжтой" гэлээ.