Коронавируст цар тахлын үед эдийн засгийг дэмжих зорилгоор Засгийн газрын шийдвэрээр нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг 2020 оны 4 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 01-нийг хүртэл нэмэгдүүлэн олгож байна. 

Тодруулбал, 

Хүүхдийн мөнгө болох 20.000 төгрөгийг 70.000-гаар нэмэгдүүлж, 10 дугаар сарын 01-н хүртэлх хугацаанд сар бүр 100.000 төгрөг олгож эхлээд буй.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, одой иргэн, 18 хүртэлх насны тэжээгчээ алдсан хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд олгодог 188.000 төгрөгийг дээрх хугацаанд 100.000 төгрөгөөр нэмэгдүүлэн олгож байна.

Мөн нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай, бага орлоготой өрхийн иргэдэд дэмжлэг үзүүлдэг хүнсний эрхийн бичгийг хоёр дахин нэмэгдүүлсэн.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Дэлхий даяар тархаад байгаа коронавируст халдварын цар тахлын үед Засгийн газраас хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсний дагуу Нийгмийн халамжийн сангаас олгодог халамжийн тэтгэвэр, амьжиргааг дэмжих тэтгэмжийг 2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл таван сарын хугацаанд 100 мянган төгрөгөөр нэмэхээр болсон. 

Энэ дагуу 3140 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 36 486 иргэн, одой 106 иргэн, өрх толгойлсон 12 эцэг эх, тэжээгч нь нас барсан 18 хүртэл насны 14 219 хүүхэд, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны 10 243 хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийн тавдугаар сарын мөнгийг бүрэн шилжүүлж дууслаа. Энэ арга хэмжээнд нийтдээ 18.2 тэрбум төгрөгийг зарцуулаад байна" хэмээлээ.

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг хэрхэн нэмэгдүүлэн олгож буйг дараах хүснэгтээр хүргэж байна.