Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан өнөөдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн аравдугаар хороонд хэрэгжиж байгаа “Гэр цогцолбор-Өрх бүрт нэг гэр” төслийн бүтээн байгуулалтын ажлын нээлтэд оролцов.

Тус төсөл нь нийгмийн халамж шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг амьдрах ухаанд сургаж, цаашид хэн нэгнээс хараат бусаар амьдралаа аваад явах чадамжтай болгон төлөвшүүлэх зорилготой юм.

Энэ үеэр Л.Энх-Амгалан гишүүн "10 өрхийн 35 иргэн өргөө цагаан гэртэй болж, хоёр жилийн турш эндээ амьдрангаа амьдрах арга ухаанд суралцаж, төрөл бүрийн сургалтад хамрагдан, улмаар цаашид биеэ даагаад амьдралаа аваад явах, ажлын байртай болох бүрэн боломжтой. Хоёр жилийн дараа амьдарч байсан гэрийг нь өөрсдөд нь олгох юм. Тэгээд дараагийн иргэд хамрагдах зарчимаар хэрэгжих энэ төслийн үйл ажиллагаа бүхэлдээ хүмүүнлэгийн үйлсэд чиглэсэн.

Үүнээс гадна энэ төслийн онцлог хөгжлийн бэрхшээлтэй, орлого багатай иргэдэд нэг удаа гэр олгож байгаа бус Улаанбаатарын өмнө тулгамдсан утаа, хөрсний бохирдлыг шийдэх шийдэл талаас тун ач холбогдолтой. Энэ гэрүүдэд нүүрс, гал түлэхгүй, шалны халаалтаар цахилгаанаар хална. Арван айлын цахилгаан, цэвэр, бохир усыг нэгдсэн байдлаар шийдсэн ньУлаанбаатар, аймаг, сумын төвд гэрт амьдардаг иргэдэд санаа авахаар болжээ.

Түүнчлэн, манай улсад 110 мянга орчим буюу томоохон аймгийн хүн амтай тэнцэх хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Тэдний ахуй амьжиргааг төрийн ийм бодлогоор дэмжих зөв шийдэл эндээс гарч байна гэлээ.

Цахилгаан эрчим хүчний газраас нэг дор 10 айлыг шалны халаалтаар хангах хүчин чадал байхгүй гэсэн учир шаардлагатай шугамын өргөтгөл хийх ажлыг шийдвэрлүүлнэ гэдгээ УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан энэ үеэр хэллээ.

Шалны халаалтыг шийдсэнээр төслийн байнгын үйл ажиллагааг эхлүүлэх бөгөөд төсөлд хамрагдсан иргэдийг амьдрах ухаанд сургах ажлыг хөрөнгө оруулагчид болон Улаанбаатар ротари төв клуб хариуцах юм байна.

Энэхүү “Гэр цогцолбор-Өрх бүрт нэг гэр” төсөлд хамрагдах иргэдийг шат шатны төрийн байгууллагын судалгаанд тулгуурлан төсөл хэрэгжүүлэгчид сонгох юм байна.