Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал нарын гишүүд өнгөрсөн 5 дугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Уг хуулийн төслийг энэ удаагийн Парламент хэлэлцэн батлах учиртай. 

Өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Учрал, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг нар Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийн талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, санал солилцов.

ХНХ-ын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр Нийгмийн даатгалын тогтолцоо, тулгамдаж буй асуудал, статистик тоон мэдээлэл зэргийг УИХ-ын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгад УИХ-ын гишүүдийн өргөн барьсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон яамны зүгээс боловсруулсан Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн ижил болон ялгаатай талуудын харьцуулсан судалгааг дурдав.

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд идэвх санаачилгатай ажиллаж, Нийгмийн даатгалын өнөөгийн нөхцөл байдалд бодит дүн шинжилгээ хийж, гарц гаргалгааг гарган хуулийн төслийг өргөн барьсан гэдгийг УИХ-ын гишүүн Н.Учрал онцоллоо. Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл тэтгэврийн реформын эхлэл, цаашид Засгийн газраас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барихаар уг салбарт цогцоор нь  эрс шинэчлэл,  дэвшил гарнаа гэж найдаж гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр баялгийн сан байгуулагдах ёстой. Үүнтэй уялдуулж тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг хэрхэн шийдэх гарц байгааг судлах тухайд санал хэлэв. Мөн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ХНХ-ын сайд А.Ариунзаяад амжилт хүсэж, тэтгэврийн реформыг хийхэд санал санаачилга гарган, хамтран ажиллаж өөрчлөлтийг хийх цаг болсон хэмээлээ.


Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг хийхдээ хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд шилжих ёстой гэдэг дээр гишүүд болон холбогдох албаныхан санал нэгдэж, үүний төлөө нэгдэн ажиллахаа илэрхийлэв. УИХ-ын ирэх намрын чуулганы хугацаанд Нийгмийн даатгалын багц хуулиуд болон Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстээс мэдээлэв.