Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн боловсруулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний статистикийн хорооны хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж байна. 

Маягтыг шинэчлэн баталснаар 2021 оноос нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулах аж.

Мөн 2021 оноос эхлэн тэтгэврийн дэвтэр олгохгүй юм байна.

Энэ талаар  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд "Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж, баталгаажуулдаг механик ажлыг халж, ажил олгогчийн санхүүгийн болон нийгмийн даатгалын байцаагч, ажилтны ажлын ачааллыг бууруулах боломж бүрдүүлнэ; хяналт бүрдэнэ; түргэн шуурхай болно.Иймийн тулд эхний ээлжинд анхан шатны статистикийн бүртгэлийн маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн боловсруулж байна" хэмээн бичжээ. 

Нийгмийн даатгалын дэвтрийг цахим хэлбэрт шилжүүлэх нөхцөл бүрдэж хуурамч лавлагаа авах, үндэслэлгүй тэтгэвэр тогтоолгох боломжгүй болно. Мөн нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдөл, материалыг цахимаар хүлээн авч шийдвэрлэх боломж бүрдэнэ.