Нийгмийн даатгалын байгууллага нь гар утасны аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. 

Гар утасны аппликэйшнийг ашиглах сонирхолтой боловч хэлтэст очиж баталгаажуулах нь хүндрэлтэй, гадаадад оршин суугаа иргэдийн хувьд боломжгүй байсан.

Тэгвэл өнгөрсөн 3 дугаар сараас эхлэн гар утасны аппликэйшний бүртгэлээ онлайнаар баталгаажуулах боломжтой болжээ. 

Иргэд гар утсандаа “Нийгмийн даатгал” аппликэйшнийг татаж, суулган бүртгүүлсний дараа app@ndaatgal.mn мэйл хаяг руу тухайн даатгуулагч мөн болохоо баталгаажуулж, гадаадад амьдарч байгаа бол гадаад паспортоо, Монголд оршин суудаг иргэдийн тухайд цахим үнэмлэхээ барьж авахуулсан тухайн өдрийн огноо бүхий өөрийн фото зургаа илгээнэ.

Мэдээлэл тодорхой тохиолдолд нэвтрэх кодыг шууд илгээж, шаардлагатай тохиолдолд Улсын бүртгэл болон нийгмийн даатгалын лавлагааны програмд бүртгэгдсэн мэдээллүүдээс лавлан асуух буюу дүрст дуудлага хийж шалгасны дараа бүртгэл баталгаажуулах код олгох зарчмаар явна.

Бүртгэл баталгаажуулахад асуудал гарах эсвэл мэдээлэл зөвлөгөө авах шаардлагатай бол  94901289, 95901289 дугаарын wechat, viber ашиглан бүртгэл баталгаажуулах ажилтантай холбогдож болно.

Та тус аппликэйшнийг ашиглан өөрийн шимтгэл төлөлтийн мэдээллээ он, сараар нь нарийвчлан харж, хянах боломжтойгоос гадна нийгмийн даатгалын байгууллагаас авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр зардлын мэдээллээ харж болно. 

Түүнчлэн тооцоолол хийх, хуулийн мэдээлэл авах, санал хүсэлтээ цахимаар илгээж шийдвэрлүүлэх зэрэг боломжийг олгож байгаа юм. Мөн аппликэйшний бүртгэлийн кодоороо www.ndaatgal.mn сайтаас шимтгэл төлөлтийн лавлагаагаа шууд хэвлэн ашиглаж болдгоороо давуу талтай. 


Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар