Уухай!-н түрлэгийг орон нутагт анх удаа Дарханаасаа эхлүүлсэн Уухай Хөдөлгөөн Дарханы залуус, дэмжигч залуустайгаа уулзаж, тэдний дуу хоолойг бодитоор сонсохоор Дэмжигчдийн уулзалтаа зохион байгуулахаар ажилдаа оржээ.

Нийгмээ өөрчлөх, улс төрд залуусын идэвх оролцоог нэмэгдүүлэх, ШИНЭ САЛХИ, ШИНЭ ХАНДЛАГА хандлага бий болгохоор нэгдсэн залуусын УУХАЙ-г салбар бүртээ тэргүүлэгч 40 залуу эхлүүлсэн. Хөдөлгөөн богино хугацаанд олон зуун залуусыг эгнээндээ нэгтгэн өөрчлөлт, шинэчлэлтэд уухайлсаар байна.

Д.Цэрэнтогтох:

/Банк санхүүгийн мэргэжилтэй. ХААН банкны Бизнесийн төвд захирлаар ажилладаг/

- Сонгуулийн үр дүнгээс бидний ирээдүй хамаардаг. Гэтэл 35 хүртлэх насны 500 мянган залуу огт саналаа өгдөггүй гэсэн статистик бий. Энэ юуг хэлээд байна гэхээр, залуус сонгуулиа өгөхгүй, идэвхигүй байгаагаас хүссэн хүсээгүй аав ээж, өвөө эмээгийнхээ сонголтоор бий болсон нийгэм, улс төрийн орчинд амьдарч байна. Тэгээд дараа нь юу болчихвоо гэж харамсдаг. “Уухай” хөдөлгөөний зорилго, дэвшүүлж буй үзэл санаа ерөөсөө л энэ. Тэр үед л өөрчлөх байж хэмээн хожим харамсахгүйн тулд өнөөдөр залуус нэгдэж байна. Гэхдээ “Уухай” ямар нэгэн жагсаал, тэмцэлд олон нийтийг уриалахгүй. Зөвхөн Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдлэх замаар өөрчлөлтийг бий болгоно. Үүнд залуучуудын оролцоо чухал учир тэднийг идэвхижүүлж, нийгмээ өөрчилж болно хэмээн үзэж байгаа бөгөөд тодорхой зорилгуудыг тавьж байгаа юм.


Б.Содболд:  

/“Дархан эрх” хууль зүйн фирмийн захирал, хуульч, өмгөөлөгч/

- “Уухай” хөдөлгөөн нь анх Улаанбаатар хотод 2019 оны есдүгээр сард бий болж Хууль зүйн дэд сайд асан, хуульч Б.Энхбаяр, гурван удаагийн УИХ-ын даргын хуулийн зөвлөх асан, хуульч Б.Гүнбилэг, Сангийн дэд сайд, эдийн засагч Х.Булгантуяа, Sayan Corp-ий Ерөнхий захирал Д.Сайнбаяр, Erkhem & Berkeley фирмийн хуульч Ж.Эрхэмбаатар, ХҮН намын дарга, хөгжлийн эдийн засагч Б.Найдалаа зэрэг боловсролтой, нийгэмд тодорхой байр суурь эзэлдэг, өөрийн үзэл санаагаа олон нийтэд идэвхитэйгээр илэрхийлдэг 40 залуу нэгдсэн юм. Тэд, залуусын сонгуульд оролцох идэвхи, оролцоог нэмэгдүүлэх нь чухал тул энэ чиглэлд ажиллая, мөн сонголтоо хийхээр ирэхэд нь зөв хүмүүсийг санал болгосон байх нөхцлийг бүрдүүлье, улмаар шийдвэр гаргах түвшинд шинэ, цэвэр, ёс зүйтэй залуусыг гаргаж ирэхэд чиглэсэн ажлуудыг хийе гэдэгт санал нийлж үүнийгээ “Уухай” түрлэг доор хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ зорилго үнэхээр зөв зүйтэй, цагаа олсон тул дэмжиж Дархандаа ч бас энэ өөрчлөлтийг бий болгоё гээд, Дарханы анхны 15 залуу өнгөрөгч арванхоёрдугаар сард нэгдэж “Уухай”-н түрлэгийг орон нутагтаа түгээж байна. “Уухай”-д хэн ч нэгдэж болно. Ямар ч нам, улс төрийн хүчний гишүүн, дэмжигч байж болно. Бас заавал залуу хүн байх ёстой гэсэн хатуу хязгаарлалт ч байхгүй.


М.Гал-Эрдэнэ:

/Төрийн захиргааны мэргэжилтэй/

- Миний хувьд цаг үетэйгээ нийлсэн зорилго, залуучуудын үүсгэсэн энэ уухайн түрлэгтэй би одоо л нэгдэхгүй бол дараа харамсах байх гэсэн бодолдоо хөтлөгдөн энд нэгдсэн. Сонгуулийн насны залуучууд маань өөрсдөө сонгуульдаа идэвхитэй хамрагддаггүй, сонгуулиа очоод өгчихдөггүй байж, дараа нь яагаад ийм хүмүүс гарчихав гэж эргэлздэг. Монгол улс парламентийн засаглалтай болсноос хойш бид долоон удаагийн сонгуульд оролцож, долоон парламентийн үйл ажиллагааны үр дүнг хүртэж байна. Сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент тоглоомын дүрмийг тогтоож, хууль хэлэлцэн батлаад өнөөдрийг хүрлээ. Ингээд нааштай зөв өөрчлөлт гарч, бидний амьдрал сайжирсан уу гэвэл "үгүй" гэж хариулах хүн олон байгаа байх. “Ах нар” бидний ирээдүйг шийдвэрлэсээр, өнөөдөр ийм түвшинд ирлээ. Тэгвэл бид одоо энэ хэвээрээ, идэвхигүй байгаад байж болохгүй. Аливаа улс орон ирээдүйгээ тодорхойлоход залуучуудынх нь оролцоо шийдвэрлэх үүрэгтэй байж ирсэн жишээ олон. Тэгвэл бид ч бас тийм байх хэрэгтэй болжээ. 


-Өөрчлөлт хийх цаг үе ирсэн гэж та бүхний ярианд хэд хэд дурьдагдлаа. Чухам юуг өөрчлөх гэж?

Д.Цэрэнтогтох:

- Сүүлийн хэдэн жилийн сонгуулийн дүнгээр хоёр нам л ээлжлэн төр бариад байна. Бид ч сонголтоо хийхдээ дүн тавьж байгаа мэт “За, энэ нь болохгүй байнаа, нөгөөд нь өгчихье” гэх байдлаар хандсаар ирлээ. Чи өмнөх дөрвөн жил муу ажилласан. Тиймээс би чамд өгөхгүй ч гэх юмуу. Ингэж явсаар өнөөдрийг хүрлээ. Магадгүй өөр сонголт байсангүй. Хүссэн хүмүүс маань ч сонгуульд нэр дэвших нь ховор байв. Ийм байдалд олон орж явлаа. Нэгэнт сонгууль юм чинь аль нэгэнд нь өгөхөөс гээд л өгдөг. Энэ буруу байсан нь олон сонгуулийн үр дүнгээр бий болсон парламентийн үйл ажиллагаагаар батлагдаж байна. Тэгэхээр “Уухай” хөдөлгөөний зорилго, нөгөө л дэвшдэг хүмүүс нь дэвшээд, тэдэнд санал өг гэж уриалж, аль нэгийг нь л сонго гэдэг тулгалтаас зайлсхийе. Зөв залуучуудыг дэмжье гэж байгаа юм.

Б.Содболд:

- 2020 оны сонгуульд аль нэг нам улс төрийн хүчин олонхи болох нь “Уухай”-н хувьд сонин биш. Харин аль ч нам, улс төрийн хүчин, эсвэл бие даан нэр дэвшигч бай, залуучууд олонхи болох нь зөв гэж байгаа юм. Нэр цэвэр, ямар нэгэн хууль зүйн болон ёс зүйн асуудалгүй, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн залуучуудыг аль нам улс төрийн хүчнээс нэр дэвшсэнээс нь үл хамааран “Уухай”-ийн залуус “зөв” хэмээн сонгохыг уриална. Өөрөөр хэлбэл сонголтгүй сонгуулийг сонголттой болгоно. Хоёр дахь үндсэн зорилго маань ердөө энэ.

-Сонгуулиар бид тодорхой нэр дэвшигчдийг сонгодог боловч нөгөө талаасаа намын бодлогыг сонгодог. Тиймээс намын бодлогод нөлөөлөхгүйгээр зөвхөн “Зөв” гээд байгаа хүмүүсийг сонгосноор нийгэм өөрчлөгдөх болов уу?

Б.Содболд:

- Намгүйгээр улс төр хийх боломжгүй. Улс төрийн нам, улс орныхоо бодлогыг тодорхойлоод явдаг гэдэгтэй бол маргахгүй. Энэ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн жишиг. Гэхдээ бид МАН-ы мөрийн хөтөлбөр, эсвэл АН-ы мөрийн хөтөлбөр таалагдаж байна гэж сонгосоор одоо байгаа 2016 оны парламентыг бий болгосон. Хамгийн муу бүхэн эднээс гарч байна. Бүгдээрээ хуйвалдаж ЖДҮ-г дэмжих сангийн мөнгийг аваад “идэж” болдог юм байна. Бодлого барьж, ард түмний амьдралыг дээшлүүлэх ёстой атал өөрсдөө өөрсдийгөө хөрөнгөжүүлэх бодлогыг л хэрэгжүүлж байна. Тэгэхээр, өнөөдөр монголд нам, бидний хүсдэг, хөгжингүй орнуудын парламентийг бүрдүүлдэг тэр намуудтай адилхан биш байна. Нам гэдэг нь аливаа үзэл баримтлал дээр тулгуурлаж хөгждөг бол манайд тийм биш. Тиймээс мэдлэг боловсролтой зөв залуучууд шийдвэр гаргах түвшинд сонгогдоод ирэхээр цаашдаа энэ хүмүүсийн үзэл бодол тухайн намуудын төлөвшилд нөлөөлнө гэж харж байгаа. Нам дээшээ гараад биднийг хөгжүүлэх нь худлаа гэдэг энэ гучин жилийн туршид харагдлаа. Харин зөв залуучуудаа гаргаад ирвэл тэд намаа ч зөв болгоно, бас нийгмээ ч өөрчилж зөв болгоно. Хүн нь буруу бол намдаа ч, нийгэмдээ ч яаж нөлөөлдийг бид хангалттай харлаа. Шулуухан хэлэхэд энэ Хаянхярваа мэтийн хүмүүсээс салмаар байна. Бид энэ хүнээр аймгаа 12 жил удирдуулж, УИХ-д найман жил төлөөлүүлж суулгалаа. Тэгээд юу өөрчлөгдөв. Одоо энэ хүнээс юу ч хүлээгээд нэмэргүй гэдэг нь тодорхой. Гэхдээ энэ бол “Уухай”-гийн биш, миний хувийн байр суурь шүү. Уухай хөдөлгөөнийг Д.Хаянхярваа гишүүний эсрэг гэж харж болохгүй. Тэр хүний сонгох, сонгогдох эрх мэдээж байгаа.

-Намууд сонгуульд нэр дэвшихээр горилогсдоос босго мөнгөн дүн тавьдаг. Энэ нь хэн дэвшихэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг болов уу. Үүнд та бүхэн ямар бодолтой байгаа вэ?

Д.Цэрэнтогтох:

- Энэ нь “мөнгөтэй бол нэр дэвш” гэж шууд хэлж байгаатай адилхан. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэсэн ардын үг бий. Залуучууд бид тодорхой хэмжээнд өөрсдийн биеэ заслаа, гэрээ заслаа. Одоо ирээдүйд өөрсдийн үр хүүхдийнхээ амьдрах ирээдүйд санаа зовж эхэлж байна. Гэтэл бидний амьдрал ямар байгаа билээ. Жирийн иргэн насаараа дундаж цалин авч, хэдэн жил өвс идэж, ус ууж хуримтлуулаад ч барахааргүй их мөнгөөр сонгогдох эрхээ авах нь. Энэ маш буруу. Мэдээж тодорхой хэмжээнд үйл ажиллагаа явж байгаа болохоор огтын мөнгө зарцуулахгүй байна гэж байхгүй. Гэхдээ улс төрд орж, сонгогдох эрхээ эдлэх гэж байгаа залуу хүний хувьд хамгийн анхны босго нь мөнгө болоод байгаа нь маш буруу. 

-Ирэх 11-нд болох үйл ажиллагааныхаа талаар тодруулж мэдээлэл өгөхгүй юу?

М.Гал-Эрдэнэ:

- “Уухай Дархан” хөдөлгөөн 2019 оны арванхоёрдугаар сард албан ёсоор байгуулагдсан. Одоо яг нэг сар болж байна. Энэ хугацаанд маш олон хүн дэмжиж байгаагаа, сонирхож байгаагаа илэрхийлж хандсаар байгаа. Тэгэхээр энэ 11-ны уулзалтаар зорилго, чиглэлээ тодорхой тайлбарлаж, нэгдэх хүсэлтэй байгаа хүмүүстэйгээ албан ёсоор уулзаж, санаа бодлыг нь сонсч, мөн зарим мэдээллүүдийг өгөх юм. Уулзалтанд “Уухай” хөдөлгөөнийг анх үүсгэсэн 40 залуусаас төлөөлөн ирж, зорилго чиглэлийнхээ талаар дэлгэрэнгүй тайлбарлана. Мөн ахмадын “Электрод” хөдөлгөөнөөс ч төлөөлөл ирэхээ илэрхийлээд байгаа. Ер нь дэмжигч гишүүдийнхээ санаа бодлыг сонсч, цаашид хэрхэн ажиллах талаараа хэлэлцэх уулзалт болох юм. Уулзалтаар цаашдын ажлын төлөвлөгөө илүү тодорхой болж, улмаар үр дүн нь 2020 оны сонгуулиар гарна гэдэгт итгэлтэй байна.

Д.Цэрэнтогтох:

- “Уухай”-д нэгдсэн залуучууд зорилго ижил. Хүн бүрийн ямар зорилгоор уухайд нэгдсэн бэ гэхээс илүү “Уухай” хөдөлгөөний ямар зорилгод бид нэгдэж байгаа нь чухал. Бидэнд ямар нэгэн санхүүжилт бас ямар нэгэн чиглэл өгөх хэн нэгэн байхгүй. Зөвхөн зарчмын хоёр зорилгыг л дэмжиж нэгдсэн залуус. Бас энэ бол хэн нэгэн эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн хийж байгаа ажил ч биш юм. Харин нийгмээ өөрчилье гэсэн залуусын түрлэг гэж ойлгох нь зөв шүү.

Б.Содболд:

- “Уухай”-г харлуулах гэсэн оролдлогууд байна. Улс төржиж байна, албан тушаал горилох гэж байна, хэн нэгэн хүний гар хөл болж байна гэх мэт. Энэ яахав. Үүнээс айгаад, нэр хичээгээд хойшоо суугаад байх юм бол бид нөгөө буруу сонголт байсан хүмүүстээ дахиад л боломж олгоно. Тэгээд дараа нь дахиад харамсана. Тавь  хүрчихээд тэр үед л хийдэг байж, оролцдог байж гэж харамсаж суухгүйн тулд өнөөдөр л эхлэх хэрэгтэй. Тиймээс оролцоо хамгийн чухал. Бид олон нийтийг ямар нэгэн хууль бус хүчирхийлэлд уриалахгүй. Гудамжинд гарч жагсаж, хэн нэгнийг муулахгүй. Зөвхөн Үндсэн Хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж, нийгмээ өөрчлөхийг зорьж байгаа нь зарчмын маш зөв шийдэл гэж үзэж байгаа.



Эх сурвалж: www.mydarkhan.mn