Наадмын өмнөхөн УИХ-ын хаврын ээлжит чуулган өндөрлөсөн.  

Ингэснээр энэ парламент хоёр ээлжит чуулган, нэг ээлжит бус чуулганыг өндөрүүлж байгаа бөгөөд энэ хугацаанд хамгийн олон хууль санаачилж, үүрэгт ажлаа хамгийн идэвхтэй гүйцэтгэсэн таван гишүүнийг онцолсон байна.


УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нь хамгийн олон буюу 18 хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн бол  УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар 13 хууль санаачилж удаалсан байна. 

Харин УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа эмэгтэй гишүүдээс хамгийн олон буюу 11 хууль санаачлан ажилласан байна.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт 11, УИХ-ын гишүүн Ч.Ундрам 10 хууль тус тус санаачлан ажиллажээ. 


2019 онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ удаагийн парламент харьцангуй урт хугацаанд хуралдаж, өндөр дэг баримтлах шаардлагатай болсон. Түүнчлэн Үндсэн хуулийн үзэл баримтлалд бусад хуулиудыг нийцүүлэх, боловсронгуй болгох чухал үүргийг хүлээгээд байгаа юм.

Парламентын бүрэн эрхийн эхний нэг жилийн хугацаандаа хамгийн олон хууль санаачлан, идэвхтэй ажиллаж иргэд,сонгогчдынхоо итгэлийг хүлээж, хийсэн ажилтай, хэлэх үгтэй ажиллаж байгаа гишүүдийг ийнхүү онцоллоо.