Коронавируст цар тахал дэгдсэнээс хойш хүний эрхийн зөрчил нэлээд гарч буй. Тухайлбал ажлын газраас нь вакцинд заавал хамрагдахыг тулгах эсвэл ажлаас халах хүртэл арга хэмжээ авна гэсэн гомдол ХЭҮК-т бүртгэгджээ. Тэр байтугай ковид-19 халдвар авсан ажилтнаа халсан жишээг цахим орчинд ид яригдаж байна. Энэ асуудлаар ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжидээс тодрууллаа.



-Он гарснаас хойш ХЭҮК-д ковидын халдвараас үүдэлтэй хүний эрхийн зөрчилтэй холбоотой гомдол хэчнээн ирсэн бэ? 

-Энэ сарын нэгний байдлаар манайд нийт 612 гомдол ирсэн байна. Өмнөх онуудад бүтэн нэг жилийн хугацаанд 700 орчим л гомдол ирдэг байсан юм. Гэтэл энэ оны эхний зургаан сарын дотор л ийм хэмжээний гомдол ирсэн нь цар тахалтай холбоотойгоор иргэдэд олон асуудал тулгарсныг харуулж байна. Тухайлбал байгууллагын зүгээс вакцинд хүчээр хамруулахыг шаардаж байна гэсэн гомдол ирсэн. Мөн вакцинд хамрагдахгүй бол ажлаас чөлөөлнө гэх зэргээр сануулга өгсөн тохиолдлууд гарч бид шалгалт хийсэн.


-Байгууллага бүх ажилчдаа вакцинд хамрагдахыг хүчээр тулгаж болох уу? 

-Дархлаажуулалтын тухай хуульд вакциныг сайн дураар хийлгэнэ гэж заасан байдаг. Тиймээс хэн ч, хэнд ч вакцинд хамрагдахыг хүчээр тулган шаардаж болохгүй. 

Тэр дундаа суурь өвчтэй, харшилтай, жирэмсэн гэх мэт эрүүл мэндийн хүндэтгэх шалтгаантай бол эрүүл мэндийн байгууллагаас вакцинд хамрагдахыг зөвлөхгүй байгаа. 

Харин эрүүл мэндийн ямар нэг шалтгаангүй, өөрөө вакцин хийлгэхийг хүсэхгүй байгаа тохиолдолд тухайн байгууллагын ажлын онцлогоос хамааран ажил олгогчид дотоод дүрэм журмаараа хязгаарлах боломжтой. Жишээлбэл олон ажилтантай, үйлчлүүлэгчидтэй байнга харилцдаг зэрэг салбарын онцлогтой бол вакцинд хамрагдахыг шаардах эрхтэй. Учир нь зөвхөн нэг хүнийг биш бусад хүмүүс, олны эрхийг хамгаалж, хүндэтгэх хэрэгтэй шүү дээ. 


-"Хүндэтгэх шалтгаангүй тохиолдолд заавал вакцинд хамрагдана" гэж дотоод дүрэмдээ тусгасан бол вакцин хийлгээгүй ажилтнаа ажлаас нь халах үндэслэлтэй гэсэн үг үү? 

-Хуулиар ажил олгогч хүний хөдөлмөрлөх эрхийг хязгаарлах нөхцөлүүд байдаг. Гэхдээ ажлаас чөлөөлөхөөс өмнө байж болох бусад бүх арга хэмжээг авсан байх ёстой. 

Тухайлбал тухайн хүн гэрээсээ ажиллах боломжтой эсэх, тархалт ихтэй үед түр хугацаанд амралтаа аваад үргэлжлүүлж ажиллах эсэхийг харгалзан нөхцөл байдалдаа тохируулсан арга хэмжээ авч, хүндээ ээлтэй шийдвэр гаргаж ажиллахыг ХЭҮК-оос байгууллагуудад зөвлөж байна. 


Хэрвээ тухайн ажилтан нь вакцинд хамрагдаагүйгээс болж байгууллагын үйл ажиллагаагаа доголдож байна гэж үзвэл ажлаас халах үндэслэлтэй.


Аудио сонсох: 



-Вакцин хийлгээгүйгээс болж ажлаасаа халагдсан бол тухайн иргэн хаана хандах эрхтэй вэ? 

-Хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлүүд бий. Хэрвээ зөвхөн вакцинд хамрагдаагүйгээс болж ажлаас халагдлаа гэж үзэж байвал тухайн иргэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Шүүх тохиолдолд бүрийн нөхцөл байдалд дүгнэлт хийж шийдвэрийг гаргана. Өөрөөр бол ажилтнаа халсан байгууллага бүрийн буруу биш. Вакцинд хамрагдаагүй иргэний ч зөв байх албагүй. Тухайн байгууллагын үйл ажиллагаа, ажил мэргэжлийн онцлог зэргээс хамаарч байгууллага бүрд харилцан адилгүй байна гэдгийг анхаарах хэрэгтэй. 


-Заавал вакцинд хамрагдах ёстой байгууллага, чиглэл гэж баталсан бий юу? 

-Засгийн газар вакцинтай холбоотой тодорхой дүрэм журам гаргаж, заавал хийлгэх ёстой байгуулагуудын жагсаалтыг гаргаж батлах эрхтэй. Мөн ЭМЯ вакцины харшлах зэргийг тодорхойлж, дүгнэх боломжтой байдаг. 

ХЭҮК-оос өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газарт санал хүргүүлсэн. Энэхүү саналд вакцинтай холбоотой дүрэм журмыг тодорхой болгож, иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдээллэх хэрэгтэй гэдгийг тусгасан. Засийн газрын зүгээс судалж байна гэсэн хариу өгсөн.

Харин ЭМЯ-ны хувьд албан ёсоор бүртгээгүй ч судалгаа, шинжилгээнд бичиж тэмдэглэж байгаа гэсэн албан хариу өгсөн. Одоогоор заавал вакцинд хамрагдах байгууллагын чиглэл дээр журам, тушаал ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа. 


-Ковидын халдвар авбал ажлаас чөлөөлнө гэж сануулга өгсөн. Зарим худалдааны төвийн удирдлагууд лангуу түрээслэгчдийг ковид-19-ийн халдвар авбал лангууг нь хурааж авна, түрээсийн гэрээгээ цуцална гэсэн гэрээнд гарын үсэг зуруулсан тохиолдол гарлаа. Энэ тохиолдолд иргэд хаана хандах ёстой вэ? 

-Ажлаас хална гэж сануулж байгаа тохиолдолд юун түрүүнд ХЭҮК-д гомдол гаргах эрхтэй. 

Манай зүгээс хүний эрхийн зөрчил гаргасан байгууллагын удирдлагад хэрхэн ажиллах талаар зөвлөмж хүргүүлдэг. Харин ажлаас халсан, гэрээгээ цуцалсан зэргээр аль хэдийн ямар нэг шийдвэр гарсан, түүнээс болж иргэн ямар нэгэн байдлаар хохирсон тохиолдолд иргэн шууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. 

Худалдаа эрхлэгч, лангуу түрээслэгчдийн хувьд түрээсийн гэрээнийхээ зүйл заалтыг нягталж үзэх хэрэгтэй. 

Хэрэв 2021 онд гэрээгээ шинэчлэхдээ цар тахлыг харгалзан үзэж шинэ заалт оруулж тухайн заалтыг түрээслэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн бол гэрээг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Ийм учраас л тухайн гэрээнд ач холбогдол өгч анхаарч унших учиртай. 

Харин түрээсийн гэрээнд ковид-19 халдвар авсан тохиолдолд гэрээгээ дуусгавар болгоно гэж заагаагүй бол шүүхэд хандаж маргаанаа таслуулах нь зөв.