Үндэсний их баяр наадмын өдрүүдийг тохиолдуулан нум сум урлаач Б.Баясгалантай ярилцлаа. 



-Та хэзээнээс нум сум урлалыг сонирхож эхэлсэн вэ?

-Аав минь нум сум урлаач, харваач хүн. Багш мэргэжилтэй боловч 1980- аад оны сүүлээс уламжлалт сур харвааг хадгалж, өвлүүлэн үлдээх зорилго тээн ажлаа орхисон юм.Хөдөө орон нутагт сур харвадаг хүн цөөхөн, нум сум урлах хүн ч ховор. Ихэнх аймаг сумын наадамд сур харваа зохиогддоггүй байсан үе л дээ. 

Тэр үед аав минь санаа нийлсэн нөхдийнхөө хамтаар бүх аймаг сумдаар тойрч монгол сур харваа, нум сум урлах эрдмийг зааж эхэлсэн. Монголдоо төдийгүй, Өвөр Монгол, Буриад улсуудаар явж монгол туургатнууддаа ч сур харвааг зааж сургасан гэдгээр нь андахгүй.


-Удмын урлаачид байх нь ээ?

-Бага залуу байхдаа аавынхаа ажлыг нэг их тоож байсангүй. Одоо бодох нь ээ аав минь биднийг нум сум урлалд бага багаар дасгаж дурлуулсан бололтой шүү. (инээв)

Миний тухайд гэвэл хүүхэд насаа хавчаахай нумаар харваж, тоглож өнгөрүүлсэн. Бургас модыг махийлгаад хэрдээ тохирсон нум хийчихдэг байлаа. 


Б.Баясгалангийн аав Монгол Улсын үндэсний спортын мастер,
Буриад улсын гавьяат Т.Батмөнх,
 хүү Б.Билэгт  
 

-Наадмын энэ өдрүүдэд бага насны сайхан дурсамжаасаа хуваалцаач?

-Намайг бага байхад аав нум урлаач багш нарынхаа гэрт олон очдог байлаа. Тэд гэрээрээ л нумаа хийдэг байсан.

Харваачид тус бүр дөрвөн сумтай. Бэлтгэл хийхээрээ 75 метр орчим газарт сум тавьна. Сумны араас өдөржин гүйнэ.Удалгүй дараагийн хүний сум тавих ээлж болно. Зуны өглөөний нарнаас, үдшийн бүрий тасартал харваачидтай бэлтгэл хийж явсан “сумны хүүхэд” л дээ би. 

Наадам болгоноор л телевизээр гардаг “Цэц магнай” киног бүгд мэдэх байхаа. Тэр кинонд аав минь зөвлөхөөр ажиллаж, хэрхэн нум сум ашиглахыг жүжигчдэд сургасан дурсамж бий.Тухайн үед 9 дүгээр ангийн сурагч би аавыг дагаад л “давхичихсан”. Кино зургийн арын албатай танилцаад л жигтэйхэн сайхан байсан шүү.  Гол дүрийн хоёр хүүд нум сум харвахын би заасан юм шүү дээ. (инээв)


-Наадамгүй жилийн мэдрэмж...?

-Ер нь наадмын өдрүүдэд монголчууд бүгдээрээ л хийморь лундаа нь сэргэчихсэн явдаг даа. Энэ жил тийм дүр зургийг харахгүй гэхээр их л гунигтай хоосон мэдрэмж төрж байна.


-Наадам болсон бол өдийд сурын талбайд л өнжих байсан байх тийм үү?

-Тэгэлгүй яахав. Өдийд наадам болж байсан бол ингээд ярилцаад суух ч завгүй гүйж явах байлаа. Манай сур харваа наадмын нээлтээс нэг, хоёр өдрийн өмнө эхэлдэг юм шүү дээ. Бүр долоодугаар сарын эхлэнгүүт л догдолж эхэлнэ. 


-Наадмын өглөө эрт босдог уу? 

-Өглөө эрт 5 цаг болоогүй байхад л аавтайгаа хамт очино. Нөгөө битүү дүүрдэг зогсоолыг хов хоосон байхад нь очиж машинаа байрлуулчихаад л сурын талбайгаа зорино.

Хоёр гурван хоног уухайн түрлэг сонсож, харваачдынхаа цэц мэргэнийг үзэж баясах ч мөн сайхан шүү. 


Бичлэг үзэх:

 


-Урлаач хүний хувьд наадам бас нэг шалгалт байдаг болов уу?

-Тэгэлгүй яахав. Өөрсдөө харвахын зэрэгцээ урласан нум сумыг минь авсан хүн хэр сайн харвах нь уу, нум сумын эр чадал нь таарч уу гэдгээ шалгах наадам шүү дээ.


-Нум сум урлахын хажуугаар харвах уу?

-Одоохондоо тийм цол зэрэгтэй биш л дээ. Гэхдээ би харваач, миний аав харваач, хүү маань хүүхдийн ангилалд өрсөлдөж, суралцаж явна. 


-Нум сум урлалын ажил хэр их ажиллагаатай вэ?

-Нум сумыг хүн ганцаараа хийж чадахгүй. Нарийн ажиллагаа ихтэй.

Эрчүүд нь мод, эвэр зэргийг бэлтгэж, эмэгтэйчүүд нь оёдлын ажлуудыг хийнэ, бүгд л тус тусын үүрэгтэй. Үндсэндээ багийн ажиллагаа сайтай байж л ард нь гардаг.Би чинь эхээс дөрвүүлээ. Манай ах эгч нар бүгд л аавын эрдмээс суралцаж нум сум урладаг хүмүүс.


-Сур харвааг хүмүүс хэр сонирхож байна вэ. Цөөхөн юм шиг санагдлаа ?

-Та буруу боджээ. Харин ч монголчууд сүүлийн жилүүдэд нум сумаа их сонирхож, сур харваагаар хичээллэх болсон. 

Манайд хандаж сур харваж сурах гэсэн юм, нум сум хийж суръя гэсэн хүмүүс жил ирэх бүр л нэмэгдэж байна. 

Бүр харваач, урлаач болдоггүй юм аа гэхэд хийж бэлтгэсэн нум сумыг худалдаж авч гэртээ залдаг, чухал дотно хүндээ бэлгэдэг хүмүүс ч нэмэгдсэн.


-Нум сум хийхэд чухам юу ашигладаг вэ?

-Зарим хүмүүс мод махийлгаад л нум сум болчихдог юм шиг боддог.  Үнэндээ хус модоор хичир,шар хамрыг,  их биеийг хулс модоор, мөн том эвэр, модын сур,  шөрмөс, зэрэг орно. За, тэгээд хормосог саадаг оёх шир, утас зүү, давуу гээд гээд олон зүйл ашиглаж байж нум сум бүтдэг юм даа.  

Нум сум урлалын урлан, 2021.07.10


-Сур харваж сурахад хэцүү юу?

-Монгол хүүхэд, залууст сур харваж сурна хэцүү тийм ч хэцүү зүйл биш ээ. Би ам үүнийг бардам хэлнэ.


Хотод өссөн үү, гадаадад олон жил болсон уу, хөдөө амьдарч байсан уу, охин хүүхэд үү, хүү юу гэдэг нь хамаагүй. Гарт нь нум сум атгуулаад, ганц нэг арга техникийг нь хэлж өгөөд гурван сум тавиулахад сүүлийн нэг сум байндаа тун дөхнө. Зарим нь бүр онож тусна шүү дээ. 


-Генийн өгөгдөл гэж байх уу?

-Би чинь гадаад дотоодын олон хүнд харвааг зааж, сонирхуулж явлаа. Монгол хүүхдүүдийн генд, цусанд нь байдаг юм болов уу гэж боддог юм. Цаанаасаа л өөр чадвартай, өгөгдөлтэй байгаа нь ажиглагддаг юм. 

Хоёр гурван настай хүүхдүүд ч нум сум, эдлэлийг нь зэхээд өгвөл харваж чадна гээч. Наадмаар балчир насны ангилалд хоёр гурван настай хүүхэд харваж л байдаг. Энэ чинь энгийн л үзэгдэл.



-Нум урлаачийн гэр, ажлын орчин ямар байдаг бол, манай уншигчдад сонирхуулахгүй юу?

-Нум сумыг  их удаан хийж дуусгадаг, зарим нум бүр жил хоёр жилийн дараа гараас гардаг.

Тэр хэрээрээ өрөөний хаа сайгүй л хатаахаар тавьсан нум, өдлөхөөр зэхсэн сум, сэмэлсэн шөрмөс, эвэр, сур дэлгээстэй. Ажил эхэлсэн үед багаж гарт ойр байх учиртай тул хаа сайгүй харагдана.

Уламжлалт аргаар нум сумаа хийдэг. Цавуугаа хүртэл монгол аргаар гарган авч хэрэглэнэ. Үхрийн шийрийг 72 цаг тасралтгүй  буцалгаж, гаргаж авдаг цаавууны үнэр тийм ч тааламжтай биш. Гаднаас орж ирсэн хүмүүс “пүү, паа” гээд ам хамраа дардаг юм. /инээв/ Бид аль хэдийн дасчихсан, жинхэнэ ажил өрнөж байдаг л даа. Товчхондоо бидний ажлын орчин иймэрхүү. Хөндлөнгийн хүн харвал хөл толгой нь олдохгүй, замбараагүй л харагдах байх. Бидэндээ бол хамгийн тухтай байгаа нь тэр. 

Нум сум урлалын урлан, 2021.07.10
 


-Ааваасаа сурч нум сум урлаж байгаа хүний хувьд соёлын өв, уламжлалын талаар ямар бодолтой байдаг вэ ?

-Монголчууд бидэнд бусдаас ялгарах түүх соёлын үнэт өв олон бий. Тэдний нэг нь эрийн гурван наадам мөнөөс мөн. Бид өвөг дээдсээсээ энэ их соёлыг өвлөж авсан азтай хүмүүс. Үр хойчдоо зааж сургаж байж тэд минь дараа дараагийн үедээ үлдээж байж монголчууд, Монгол Улс оршин тогтнох юм. 

Өв соёлоо авч үлдэх гэхээр зөвхөн бидэнд ирсэн эд өлгийн зүйл, олдворуудыг  хадгалах биш шүү дээ.  

Аавын минь 1970-аад онд ашиглаж байсан нум сум өдгөө 60 жилийн түүхийг агуулсан нум хадгалагдаж байна. Үүнтэй ижил миний өнөөдөр хийсэн нум зуун жил, магадгүй 500 жилийн дараа үр хойчид минь үнэт өв болж очно гэдгийг бодож ажилладаг даа. Ингээд үзвэл хүн бүр соёлын өвийг хүлээн авагч, тээн өвлүүлэгч болж байгаа юм.