Тесла тэргүүтэй автомашин үйлдвэрлэлийн  “акулууд” электрон машинаа олон нийтэд танилцуулаад багагүй хугацаа өнгөрчээ.

Автомашины хөгжлийг шинэ шатанд гаргасан энэхүү машины тухай үнэн, худал олон ойлголтууд хөвөрсөөр л байна. Тиймээс бид электрон машины тухай нийгэмд тархсан худал ойлголтыг залруулсан судалгааны үндэслэлтэй таван тайлбарыг хүргэж байна. 

Худал ойлголт #1. Электрон энгийн машинаас илүү үнэтэй

Зах зээл дээрх электрон машины дундаж үнэ 36 мянга ам.долларын үнэтэй байдаг. Худалдаж авах өртөг эхэндээ үнэтэй боловч цаашид гарах урсгал зардал болоод хадгалалтын хувьд энгийн машинаас харьцангуй хямд тусдаг аж.

Жишээ нь электрон машины эд ангийг дижитал төхөөрөмжөөр хянадаг тул ямар нэг эвдрэл гэмтэл гарахаас өмнө урьдчилж оношлох боломжтой.

Судалгаагаар электрон машинтай хүн жилд дунджаар 770 ам.доллар хэмнэдэг байна. 


Худал ойлголт #2. Цэнэгээ удаан барьдаггүй тул хол замд найдваргүй

Олон хүмүүс энэ төрлийн машиныг үргэлж цэнэглэх шаардлагатай гэж боддог. Үндсэндээ цэнэглэлтээс хараат учир холын замд хань болох унаа биш гэж үздэг тал бий. Гэвч сүүлийн үеийн цахилгааны машин нэг цэнэглэлтээрээ 480 км хүртэл замыг туулах чадвартай болоод байгаа юм.


Худал ойлголт #3 #Электрон машинд хэрэглэгддэг литиум-ион баттерей байгальд илүү хор хөнөөлтэй

Цахилгаан хөдөлгүүртэй машиныг зарим хүмүүс байгаль орчинд халтай гэж үздэг тал бий. Буруутгаж ярих болсон шалтгаан нь литиум-ион баттерей юм. Гэвч үнэндээ уг батерейг бензин хөдөлгүүртэй машинтай харьцуулахад нүүрс хүчлийн хий маш бага ялгаруулдаг аж. Тэгэхээр харин ч эсрэгээрээ байгальд ээлтэй технологи байх нь.


Худал ойлголт #4. Батерей нь тэсэрч, дэлбэрэх аюултай

Электрон машины батерей нь гэнэт дэлбэрдэг, эзэндээ ээлгүй унаа эсвэл авто ослын буруутан мэт ойлгодог хүмүүс бий. Энэ бол ташаа ойлголт гэдгийг авто шинжээчид батлан хэлдэг. Яг үнэндээ электрон машины батерей шатсан, дэлбэрсний улмаас гарсан осол бензин хөдөлгүүртэй автомашины ослоос 40 хувиар бага байдгийг статистик дүн харуулна. 

Автомашин үйлдвэрлэнэ гэдэг маш нарийн төвөгтэй, хариуцлагатай ажил. Олон жилийн судалгаа, туршилт шалгуурыг давсны дараа л тухайн загварыг зах зээлд борлуулах эрхийг авдаг. Иймээс батерейн аюулгүй байдалд санаа зовох шаардлагагүй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөдөг.

Худал ойлголт #5.  Зөвхөн баячуудад зориулсан тансаг хэрэглээ

Хүмүүс ихэнхдээ Теслагийн гаргасан электрон машины загварыг л мэддэг тул хэт үнэтэй, тансаг хэрэглээ гэж эндүүрдэг. Эхэн үедээ үнэ өртөг өндөр байсан нь үнэн хэдий ч зах зээлийн жамаараа буурч буй. Форд, Хонда, Женерал Моторс зэрэг томоохон компаниуд электрон  машины үйлдвэрлэлд ихээхэн хүч тавьж өрсөлдөх болсон билээ.

Энэ хэрээрээ жил ирэх тусам цахилгаан машины үнэ буурч байна.

Тиймээс эрэлт ихтэй байгаа электрон машинуудын үнийг харьцуулан харцгаая.

Tesla Model S
81,990 $
Tesla Model 3
45,190 $
Tesla Model X
86,190 $
BMW i3
48,600 $
Nissan Leaf
39,125 $
Chevrolet Bolt EV
37,495 $
Hyundai Kona
42,920 $
Volkswagen e-Golf
33,000 $

2010-2016 онуудад электрон машины үнэ 70 хувиар буурсан бөгөөд Тесла энэ өрсөлдөөнд тэсэж үлдэхийн тулд харьцангуй хямд Tesla Model 3 загвараа 2017 онд гаргасан юм.