Саяхан болсон олон улсын физикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн Сант сургуулийн сурагч О.Анирчулуутай ярилцлаа.  Эмэгтэй сурагчид тэр бүр сонирхон судалдаггүй физикийн салбарт дурлан, сониуч зандаа хөтлөгдөн яваа Тэрбээр ирээдүйд эх орондоо дахин боловсруулах үйлдвэр барьж байгуулахыг мөрөөддөг нэгэн. 

-Олон улсын физикийн олимпиадад чиний оролцсон анхны олон улсын чанартай олимпиад байсан уу?

-МУИС-д болсон энэ олимпиад уг нь Литва улсад зохиогдох ёстой байсан юм. Гэсэн хэдий ч цар тахлын улмаас хойшилсоор зургаадугаар сарын эхээр бүх улсын оролцогч цахимаар оролцох шийд ирсэн. 

Би зургаадугаар ангиасаа олимпиадад оролцож эхэлсэн. Дүүрэг, хотын олимпиадаас медаль авч үзсэн ч олон улсын чанартай олимпиадад оролцож үзээгүй байсан. Бодлогын формат хүртэл өөр байдаг юм байна лээ. Хүрэл медаль авснаа мэдээд маш их баярласан. 


-Цахимаар олимпиад өгөхөд хүндрэлтэй зүйл гарав уу, хэр удаан хугацаанд бэлдсэн бэ?

-Олон хүүхэдтэй танхимд нэг дор суугаад сурчихсан учраас гэртээ чимээгүй суухаар эхэндээ төвлөрч өгдөггүй. Яваандаа сурсан./инээв/ Харин ч давуу талтайг нь ч олж анзаарсан.

Эх орондоо байгаа учраас цагийн зөрүү гарч нойрмоглохгүй. Бас сэтгэл санаа тайван байсан нь амжилт гаргахөд нөлөөлсөн юм болов уу. Удирдсан багш Г.Мөнхбаяр, Н.Цогбадрах нар маань олон улсын шалгалтын хороотойгоо холбогдоод бүх бэлтгэл ажлыг хангаж тусалсан.

 Энэ мэт асуудалд анхаарал хандуулалгүй,  зөвхөн олимпиаддаа анхаарлаа төвлөрүүлсэн.

Олон улсын физиктйг олимпиадад оролцсон Сант сургуулийн сурагчид удирдсан багш Г.Мөнхбаярын хамт


-Тусгай шалгалтын комисс томилогдсон гэсэн үг үү, шалгалтын явцыг хэрхэн хянадаг вэ?

-Монголоос хянагч нар томилогдож ажилласан. Бүрэн камержуулсан өрөөнд хоёр өдрийн турш тус бүр таван цаг сууж шалгалтаа өгсөн.  Шаардлагатай заавар зөвлөмжөө Zoom-ээр холбогдоод л авчихсан. 

Эхний өдрийн туршилтын даалгавар хийх ёстой багаж Литваас ирсэн. Олон улсын физикийн олимпиад танхимаар явагдахад нүсэр том багаж дээр туршилт хийдэг юм байна лээ. Энэ удаад Литва улсаас ирсэн таблет үүн дээр аппликейшн суулгасан байсан. Түүнийгээ цахилгаан хэлхээ угсрах хавтантай холбоод бид наанаас нь өгөгдөл цуглуулж, боловсруулах замаар туршилтаа хийсэн. 

Монгол хүүхдүүдийн хувьд шалгалтын хамгийн хэцүү даалгавар нь туршилт санагдсан. Онолын бодлогуудаа бодчихдог ч туршилт хүнээс олон чадвар шаардана. Наад зах нь гарын эв дүй хэрэгтэй.  Өмнө  нь харж байгаагүй багажтайгаа танилцаад, хурдан ажиллуулж сурах хэрэгтэй болдог.


-Олон улсын олимпиадын формат Монголоос хэр өөр санагдсан бэ, бодлогуудыг хэн орчуулсан юм бэ?

-Энд олимпиад өгөхөд бодлогууд нь богинохон талдаа байдаг. Дасгал ажлууд нийлээд л нэг нүүрэнд багтчихдаг. Харин олон улсын шалгалтын бодлого маш урт, нэг дасгал нь гэхэд 5-6 нүүр үргэлжилнэ.

Олон улсын олимпиадад нийт 3 бодлого ирдэг гэхээр 20 гаруй хуудас болно. 


-Нэг бодлогыг ойролцоогоор хэр удаан боддог вэ?

-Нэг бодлогыг бодоход ойролцоогоор 2 цаг 30 минут зарцуулдаг.  Нийт таван цагт багтааж бодож дуусгах амаргүй юм билээ. 

Бид физикийн олимпиадын хороотой уулзахдаа Монголын олимпиадын бодлогын форматыг олон улсын жишигтэй дөхүү болгоё гэж санал тавьсан. Бүх талаасаа л хичээж байна. 

Багш нарыг бодлого орчуулах үед холбогдох ямар ч боломжгүй, бүгд стандартын дагуу явдаг юм байна лээ.  Оролцож байгаа хүүхдүүд бүгд англи хэлээр чөлөөтэй ойлгодог нь амжилт гаргахад дөхөм болов уу. 

Олимпиадаа өгч буй нь

-Шалгалтын дараа дахиад бодлого хамгаалалт гэж болдог гэсэн. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Миний анхны  бодолтыг олон улсын олимпиадын төв хороо руу илгээдэг. Энд давхар Монголын баг тусгай түлхүүр хариутайгаа тулгаж засдаг юм. Хоёр талаас хариугаа тулгаад “Манай сурагч ийм учраас бид 1 оноо өглөө. Харин танайх 0.5 оноо өгсөн байна. Ямар учиртай юм бэ” гэх зэргээр хоорондоо зөвшилцсөний үндсэн дээр эцсийн нийлбэр хариу гардаг юм. 

Би урьдчилсан дүнгээр хүрэл медалийн болзол хангахад 0.2 оноо дутчихсан байсан. Харин Монголын талаас багш нар маань миний бодлогыг сайн хамгаалсан учир хүрэл медаль авсан.


-Физикийн хичээлийг эрэгтэй хүүхдүүд илүү сонирхон судалдаг шүү дээ. Яагаад энэ чиглэлээр гүнзгийрүүлж судлахаар шийдсэн юм бэ? 

-Тэр үнэн шүү. Энэ олимпиад дээр олон улсаас 350 сурагч оролцсон. Дөнгөж 10 гаруй нь эмэгтэй хүүхэд байна лээ. Олимпиадын бэлтгэл дээр ч охид цөөхөн суудаг. 

Хэдийгээр цаг үе өөрчлөгдсөн ч инженер, технологи, шинжлэх ухааны салбарт эрэгтэй хүн давамгайлдаг гэх хэвшмэл ойлголт салахгүй байна.

Миний анзаарснаар физикийн шинжлэх ухаан математик дээр суурилдаг учраас анхнаасаа математикт дургүй хүүхдүүд цаашид физикийг сонирхдоггүй санагдсан.

Би эхэндээ физикт тийм ч дуртай байгаагүй. Манай сургууль сурагчдыг дунд ангид ороход нь сонирхсон хичээлээр нь сонгоны ангид хамруулдаг. Тэр шалгарсан сурагчдын дунд ороод өөрийгөө хичээх хэрэгтэй юм байна гэдгээ ойлгосон. 

Математик, Физик, Хими, Биологи, Мэдээлэл зүйн олон улсын олимпиадад медаль хүртсэн сурагчид бэлтгэсэн багш нарын хамт

-Энэ шинжлэх ухааны юу хамгийн их чиний сонирхлыг татдаг гэж?

-Физикт механик, цахилгаан, оптик зэрэг олон салбар бий. Судлах тусам эдгээр салбарууд хоорондоо нарийн уялдаа холбоотойгоор зохицон үйлчилж, бидний хүрээлэн буй орчинг бий болгож байдаг. 

Би бидний эргэн тойронд болж буй бүх зүйл универсал хуулинд захирагддаг гэж бодох дуртай. Харин физик энэ бодлыг минь улам батлаад байх шиг санагддаг. Физикийн бодлогууд хүртэл амьдралаас урган гарсан бодлого байдаг тул цаасан дээр бодоход төвөггүй санагддаг. 

Гэхдээ надад ч бас больчихмоор санагддаг үе бий. Гэхдээ ойлгохгүй байсан бодлогоныхоо учрыг нь ойлгоод ирэхээр маш гоё санагддаг. Тэр мэдрэмжүүд хэцүү шантарсан үеэс илүү сайхан учраас би энэ шинжлэх ухаанд дурладаг. 


-Шинжлэх ухаанд дурлаж, амжилт гаргана гэдэг багагүй хөдөлмөр шүү. Гэтэл хувийн сургуулийн хүүхэд учраас амжилт үзүүлэх нь гарцаагүй мэтээр ойлгодог хүмүүс бий. Энэ тал дээр чиний бодол?

-Энэ жил зохион байгуулагдсан шинжлэх ухааны шинжлэх ухааны бүх олимпиадын нийт медалийн талыг нь манай сургуулийн төгсөгчид авсан байна лээ.

Үүнд хүүхдүүдийг багаас нь эхлэн тэмцээн уралдаанд бэлддэг нь, багш нар заах арга барил сайн байдаг нь нөлөөлсөн байх.

Хамгийн гол нь хүүхэд өөрөөсөө илүү чадвартай, мундаг хүүхдүүдийн дунд байхаараа “би ч гэсэн чадна” гэсэн итгэл авдаг юм шиг санагддаг.

Би гэхэд сургуулийнхаа дээд ангийнхнаасаа үлгэр дуурайлал авдаг. Бүгд л өөрийн гэсэн сонирхсон зүйлтэй, хүсэл зорилготой байгаа нь бахархмаар санагддаг юм. 


-Цаашдаа ямар мэргэжил сонгож суралцахаар төлөвлөж байна вэ?

-Сүүлийн үед ногоон технологи буюу дахин боловсруулалт, сэргээгдэх эрчим хүчний салбарт дурлаж байна. 

Физикийн хичээлдээ дуртай ч их сургуульд орохдоо биологи, химийн хичээлийг гүнзгийрүүлэн судалж, хослуулаад инженер болъё гэсэн бодол бий.

Одоохондоо яв цав шийдээгүй ч АНУ-ыг зорих мөрөөдөл бий. Шинжлэх ухааны мэргэжлийг АНУ-д сураад, эх орондоо сурсан мэдлэгээ шингээн дахин боловсруулах үйлдвэр баривал хэчнээн сайхан бол гэж боддог. Тиймээс энэ жилээс эхлэн хэлний оноогоо авах, SAT шалгалтад бэлдэх гээд хийх зүйл олон бий.